У.Хүрэлсүх: Байгаль орчин, хүнсний хангамж, аюулгүй байдлын чиглэлд Монгол Улс, Гэгээн Ширээт улстай бүх талаар хамтран ажиллах болно /ФОТО/

У.Хүрэлсүх: Байгаль орчин, хүнсний хангамж, аюулгүй байдлын чиглэлд Монгол Улс, Гэгээн Ширээт улстай бүх талаар хамтран ажиллах болно /ФОТО/

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх болон Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис нар олон нийтэд хандаж үг хэлэх, хамтарсан мэдэгдэл хийх арга хэмжээ боллоо.

ВИДЕО: 

Энэ үеэр Монгол Улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх, "Эрхэм хүндэт Гэгээн ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис, Монгол Улсад суугаа элчин сайд, дипломат төлөөлөгчдөө, эрхэм хүндэт зочид оо та бүхэнд Монголын эзэнт гүрэнд айлчлан ирж буй түүхэн өдрийн мэндийг дэвшүүлье. Энэхүү түүхэн айлчлал бол их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жил, Монгол Улс, Гэгээн ширээт Улсын дипломат харилцаа тогтоосны түүхт 30 жилийн тэмдэглэлт ойн хүрээнд болж байгаагаараа ач холбогдолтой юм. Монгол Улс болон Гэгээн ширээт улсын харилцаа их эзэн Чингис хааны үеэс эхлэлтэй. Энэхүү харилцаа өнөөдрийг хүртэл өргөжин тэлж, Гэгээн ширээт Улсын тэргүүн Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаад гүн талархал илэрхийлье. 

Чингис хаан болон түүний залгамжлагчид Монголын эзэнт гүрнийг нэгтгэн, өрнө дорнод олон жил үргэлжилсэн дайн тулаан, зөрчил маргааныг эцэслэсэн нь Ази, Европын олон улс энх тайвнаар зэрэгцэн оршиж, амар амгалан амьдарч, судлан шинжлэх, бүтээн туурвих, цогцлоох нөхцөл боломжийг бүрдүүлж чадсан юм. 

Монголчууд эрт дээр үеэс оюун санааны эрх чөлөөг дээдэлж, олон ургальч үзлийг хүндэтгэж ирсэн түүхэн уламжлалтай бөгөөд эзэн Чингис хааны үеэс Монгол хаад язгууртнууд аливаа шашин шүтлэгэд хүндтгэлтэй хандаж, сүм хийдийг алба татвараас чөлөөлж, нийслэл Хархорум хотод буддын, есүсийн, исламын зэрэг 12 сүм дуган зэрэгцэн оршиж байсан түүхтэй билээ. Оюун санааны эрх чөлөөг өнөөгийн Монголчууд залгамжлан хөгжүүлж, Үндсэн хуулиндаа дархалсан юм. 

Эрхэм хүндэт Пап Францис таны дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн талаар болон Дэлхийн хүн амын хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар хэлсэн үг, байр суурь, баримталж буй бодлого нь манай улсад хэрэгжүүлж буй тэрбум мод, хүнсний хувьсгал, эрүүл Монгол хүн үндэсний хөдөлгөөнүүдтэй бүрнээ нийцэж байгаа бөгөөд цаашид хүн төрөлхтний хувь заяа, тогтвортой хөгжлийн суурь болсон байгаль орчин, хүнсний хангамж, аюулгүй байдлын чиглэлд Монгол Улс Гэгээн Ширээт улстай бүх талаар хамтран ажиллах болно. 

Мөн түүх архивын сан хөмрөг болон соёл, боловсрол, шинжлэх ухаан, хүмүүнлэгийн чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлнэ гэдэг итгэлтэй байна. Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн пап Францис таны Монгол Улсад хийж буй энэхүү төрийн айлчлал нь манай улсын олон тулгуурт, энхийг эрхэмлэсэн гадаад бодлого, хоёр орны харилцааны түүхэнд нэгэн шинэ хуудсыг нээж, хоёр улсын цаашдын найрсаг харилцаа, хамтын ажиллагаанд түүхэн чухал үүрэг гүйцэтгэн, алтан үсгээр бичигдэн үлдэх болно" гэлээ.