Монгол Улс цаазын ялыг халсан нь нэн чухал алхам байсан талаар Пап Францис онцлон дурджээ

Монгол Улс цаазын ялыг халсан нь нэн чухал алхам байсан талаар Пап Францис онцлон дурджээ

Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Монгол Улсад албан ёсны төрийн айлчлал хийж буй. Өнөөдөр төрийн ордонд Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй цуг олон нийтэд хандаж үг хэлэх арга хэмжээ болсон юм. Энэ үеэрээ тэрбээр Монгол Улс цаазын ялыг халсан нь оновчтой алхам байсан талаар онцлон дурджээ. 

Тодруулбал, Пап Францис олон нийтэд хандаж үг хэлэх үеэрээ, "Эртнээс эдүгээ хүртэл танай ард түмэн үндэс угсаагаа хадгалахын зэрэгцээ сүүлийн хэдэн арван жилд дэлхий дахины ардчилал, хөгжлийн их сорилтод нээлттэй байж иржээ.

Өргөн хүрээний дипломат харилцаатай, Нэгдсэн Үндэстний Байгууллагын идэвхтэй гишүүн Монгол Улс өнөөдөр хүний эрхийг дээдлэх, энх тайвныг цогцлоохын төлөө хүчин чармайлтаараа Ази тивийн цээжнээ төдийгүй олон улсын тавцанд чухал үүрэг гүйцэтгэж байна. Би энд та бүхний дэлхий нийтэд цөмийн зэвсгээс ангид улс болохоо зарлаж, цөмийн зэвсгийн тархалтыг зогсоох талаар баримталж буй шийдвэрийг онцлон тэмдэглэхийг хүсэж байна.

Монгол Улс бол энхийг эрхэмлэсэн гадаад бодлоготой, ардчилсан улс төдийгүй даян дэлхийн энх тайвны төлөө хувь нэмрээ оруулах эрхэм зорилго тээж яваа улс юм.  Түүнчлэн цаазын ялыг халсан нь нэн чухал алхам юм" гэжээ.