Д.Чойжамц: Шашнуудын ертөнцийг үзэх үзэл өөр ч хүн төрөлхтөний сайн сайхны төлөөх залбирал нэг

Д.Чойжамц: Шашнуудын ертөнцийг үзэх үзэл өөр ч хүн төрөлхтөний сайн сайхны төлөөх залбирал нэг

Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисын Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд өнөөдөр манай улсад үйл ажиллагаа явуулдаг шашны байгууллагын удирдлага, төлөөллүүд "Хүн" театрт уулзлаа.

Монголын Бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба Д.Чойжамц тус уулзалтын эхэнд хэлэхдээ “Бурханы шашин, христийн шашин, исламын шашин, хиндү шашин зэрэг дэлхийн голлох шашнуудын ертөнцийг үзэх үзэл өөр хоорондоо ялгаатай хэдий ч даян дэлхий, нийт хүн төрөлхтөний сайн сайхны төлөөх залбирал, үйл ажиллагааных нь зорилго нэг гэдэгт миний бие итгэдэг. Өдгөөгийн XXI зуунд хүн төрөлхтөн оюуны хөгжлийн хүчээр мэдээлэл, техник технологийн хурдацтай, өндөр түвшинд хүрч буй ч сэтгэлийн дотоод үнэт зүйл болох асрал энэрэл, ёс суртахуун, хүлцэл, ууч өршөөл, үйлийн үр зэргийг орхигдуулах нигууртай байна. Тиймээс уламжлалт шашнуудын зорилго, үйл ажиллагаа нь сэтгэлийн дотоод орон зайг дээрх үнэт зүйлсээр дүүргэж, хүнлэг энэрэнгүй нийгмийг бүтээхэд өөр өөрсдийн хувь нэмрээ оруулах явдал юм” хэмээв.

Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис мөн үеэр айлдахдаа “Хүн төрөлхтөн нэг л харьяалалтай. Товчхондоо эрэл мөргөлчид бид бүгдээрээ энэ дэлхий дээрх аяллынхаа зүг чиг, зам мөр олохын тулд алсыг харж явах ёстойг Монгол Улс бидэнд сануулж байдаг. Энэхүү чухал уулзалтын цаг мөчид миний бие та бүгдтэй хамт байгаадаа баяртай байна. Бид бүгд нэгэн дээвэр дор цугларсан өөрөө нэгийг өгүүлж байна. Шашин шүтлэгийн янз бүрийн уламжлалууд нь өөр өөрийн гарал үүсэл, өвөрмөц онцлогоороо дамжуулан нийгмийн төлөөх сайн сайхны гайхалтай нөөц бололцоог бүрдүүлж байдаг. Хэрэв улс үндэстнүүдийн удирдагчид бусадтай яриа хэлэлцээр хийх замыг сонговол олон орны ард түмнийг зовоож буй мөргөлдөөнийг таслан зогсооход шийдвэрлэх хувь нэмрээ оруулах юм. Шашин шүтлэгийн янз бүрийн уламжлалууд хамтдаа зэрэгцэн оршиж байсан өнө эртний агуу их түүхтэй Монголын ард түмэн хамтдаа байж, бие биеэ илүү их таньж мэдэх боломжийг бидэнд олгож байна” гэсний зэрэгцээ эртний эзэнт гүрэн Хархорум хотод өөр өөр шашин шүтлэгтэй мөргөлийн газрууд зэрэгцэн оршиж байсан болохыг тодотголоо.

Манба дацан хийдийн хамба лам Д.Нацагдоржоос уг уулзалтын ач холбогдлыг хэрхэн харж байгааг тодруулахад тэрбээр "Шашны зүтгэлтнүүд өнөөдөр уулзаж байгаа нь сайн цагийн шинж юм. Монгол Улс ардчиллын замаар хөгжиж буй онцгой сайхан орон. Тэгэхээр Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францис Монгол Улсад айлчилж байгаа нь ирээдүйд хүн төрөлхтөн амар амгалан, эв түнжинтэй байх, бүгдээрээ аз жаргалтай байхын илэрхийлэл болж байна. Энэ нь бурхны шашинтай бидний өдөр бүр залбирдаг уншлага номтой ч уялдаж байна. Хүн төрөлхтөний амар амгалан, сайн сайхан байхын төлөөх явдалд сэтгэл зүрхээ зориулж явдаг хүмүүст бид тусалж дэмжих нь зүй юм. Пап Францис өнөөдөр манай улсад айлчилсанаар шашин хоорондын эв хамтын ажиллагаа эрчимжинэ гэж найдаж байна" гэлээ.

Бахайчуудын үндэсний оюун санааны чуулганы гишүүн М.Эрдэнэчимэг мөн уулзалтын тухайд "Гэгээн Ширээт Улсын Төрийн тэргүүн Пап Францисын Монгол Улсад хийж буй айлчлал бол XIII зууны үеэс хүн төрөлхтөний эв нэгдлийг хангахын төлөө монголчууд бид тууштай тэмцэж, тэрхүү бодлогыг үеийн үед хадгалж ирсний нэг илрэл болж байна. Өнөөдөр ч мөн ялгаагүй олон шашин Монголын газар нутаг дээр нэг дорж оршин тогтнож болдгийг шашны олон төлөөллүүд батлан харуулсаар буй. Өнгөрсөн хугацаанд бид жил бүр хамтдаа цугларч, уулзалдаж ирсэн. Тэр бүх хугацаанд хамтдаа байж ирсэн бид бүхнийг Пап Францис дахин нэгэнтээ уулзууллаа.Энэ нь Монголын газар нутаг дээр эв нэгдлийг тунхаглаж болдгийг харуулсан явдал боллоо" гэсэн юм.

Номлогч Лусила Авэмби "Би гэлэнмаа хүн. Монголд 2000 оны үед ирсэн. Тэр үед ирээд бурханы шашин, бөө мөргөл зэрэгтэй танилцсан. Тиймээс миний хувьд заавал католик шашинтай хүнтэй хамт ажиллана гэдэггүй. Бид бүгд бурханы хайртай хүмүүс тул ялгаа байхгүй. Бид заавал хамтдаа ажиллаж амьдрах ёстой. Хүмүүс манай шашны талаарх зарим асуудлыг сонирхвол би тайлбарлаж өгдөг. Бид эв нэгдэлтэй байх хэрэгтэй" хэмээн сэтгэгдлээсээ хуваалцсан юм.

ҮЗЭХ: