Д.Амарбаясгалан зэрэг МАН-ын зарим даргыг "хөлдөө чирэх" эрсдэлтэй нүүрсний сонсголыг хэрхэн хийх талаар эрх баригчид ярилцаж эхэлжээ

Д.Амарбаясгалан зэрэг МАН-ын зарим даргыг "хөлдөө чирэх" эрсдэлтэй нүүрсний сонсголыг хэрхэн хийх талаар эрх баригчид ярилцаж эхэлжээ

УИХ-ын 2022 оны 31 дүгээр тогтоолоор Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох Хянан шалгах түр хороог байгуулсан.

Тус түр хороо нь нүүрсний хулгай гэх асуудалтай холбогдуулан өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-12-нд нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол зохион байгуулахаар товлоод байсан юм. Гэвч АТГ-аас түр хороонд ирүүлсэн хүсэлтийн дагуу сонсголоо хойшлуулсан. Энэ талаар түр хорооны дарга, УИХ-ын гишүүн Г.Ганболд  "Сонсголд 14 хүнийг гэрчээр дуудахаар болоод байсан. Гэвч АТГ-аас "УИХ-ын хяналт, шалгалтын тухай хуулийн 33.9-д "Хянан шалгах түр хороо /цаашид энэ бүлэгт "түр хороо" гэх/-ны үйл ажиллагаа нь хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах УИХ-ын эрх хэмжээний хүрээнд байна. Хянан шалгах түр хорооноос шүүх болон эрх бүхий бусад байгууллагын хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах, хөндлөнгөөс оролцох, заавар өгөхийг хориглоно" гэж заасан байдаг. Энэ удаагийн сонсгол бидний ажилд саад учруулахаар байна. Сонсгол нь мөрдөн байцаах ажиллагааны нууцыг задруулах, хөдлөнгөөс саад учруулах магадлалтай байна. Тиймээс түр хорооны хурлыг хойшлуулж өгөөч" гэсэн хүсэлт ирсэн. Түр хороо АТГ-аас ирсэн энэ саналыг нь хэлэлцээд бүгд санал нэгтэйгээр сонсголыг хойшлуулах шийдвэр гаргалаа" гэсэн юм.

-НҮҮРСНИЙ СОНСГОЛЫГ ХИЙХГҮЙ БОЛ СОНГУУЛЬД ЯЛАГДАХ МАГАДЛАЛТАЙГ ТООЦООЛЖЭЭ-

Сонсголыг энэ шалтгаанаар хойшлуулсан ч олон нийтийн зүгээс “Нүүрсний сонсгол”-ыг хийх, буруутай этгүүдийг ил болгохыг шаардсаар буй.

Энэ шаардлага МАН-ын Удирдах зөвлөлийн өнгөрсөн сарын 28-ны өдөр Тэрэлжид хуралдсан хуралдаанаар яригдаж нэлээн асуудал болсон гэх мэдээлэл бий.

Бүр сонсголыг хийхгүй бол сонгуульд ялагдах магадлалтайг тооцоолж буйгаа МАН-ынхан ярьсан гэдэг.

Тиймээс намрын чуулган эхлэнгүүт “Нүүрсний сонсгол”-ыг хийе гэдэгт Удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлэсэн байгаа юм. Гэхдээ ямар хэлбэрээр хийхээ тодорхой болгоогүй бөгөөд чухам үүнд л ихээхэн толгойгоо гашилгаж буй аж.

Учир нь тус сонсголыг хийсэн тохиолдолд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас эхлээд МАН-ын нөлөө бүхий хэд, хэдэн даргын асуудал сөхөгдөх эрсдэлтэйг ч тэд тооцож ярьжээ. Тиймээс олон нийтийн шаардсаны дагуу “Нүүрсний сонсгол”-ыг хийнэ, ингэхдээ хэлбэрийг маш зөв, болгоомжтой байдлаар явуулна хэмээн ярилцжээ. Нүүрсний сонсголыг хэнээр удирдуулахаа   УИХ-аар мөн ярилцаж байгаа юм.