ЗГ-ЫН ШИЙДВЭР: "Халзан бүргэдэй" ховор элементийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах эсэхийг орон нутгийн иргэдийн санал хүсэлтээр шийдвэрлэнэ

ЗГ-ЫН ШИЙДВЭР: "Халзан бүргэдэй" ховор элементийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах эсэхийг орон нутгийн иргэдийн санал хүсэлтээр шийдвэрлэнэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уржигдар /2023.09.04/ Ховд аймгийн иргэдтэй уулзах үеэрээ, "Халзан бүргэдэйн ордыг ашиглах асуудлыг иргэдийн саналаар шийднэ, иргэдийн дэмжлэг авахгүй бол Засгийн газар дэмжихгүй" гэж мэдэгдсэн.

Тэгвэл Засгийн газрын өнөөдрийн /2023.09.06/ хуралдаанаар “Халзан бүргэдэй ордын үйл ажиллагааны тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж баталсан байна.  Тогтоолын агуулга нь "Орон нутгийн иргэдийн санал хүсэлтэд нийцүүлэн, "Халзан бүргэдэй ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах эсэхийг шийднэ" гэх утгаар гарчээ.

"Халзан бүргэдэй" бол газрын ховор элементийн орд юм. Харин “газрын ховор элемент” нь соронзон чанар их, цахилгаан дамжуулах чадвар өндөр тул радио электроник, компьютер, ухаалга гар утас, цахилгаан автомашины үйлдвэрлэл гээд дэвшилтэд технологийн үндсэн түүх эд болоод байгаа. Иймд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг АНУ, БНСУ, Герман, Япон улсад айлчлах үеэр ч манайхаас “газрын ховор элемент” авъя, энэ чиглэлд хамтарч ажиллая гэдгээ эдгээр улсууд илэрхийлсэн. Харин өдгөө, Ховд аймгийн Мянгад сумын нутагт байх “Халзан бүрэгтэй”, “Ар хүрэн уул” хэмээх газрын ховор элементийн “ашиглалтын тусгай зөвшөөрөл”-ийг Монголиан нэшнл рийр ийрт корп ХХК-иар дамжуулж Худалдаа хөгжлийн банк /ХХБ/-ны эзэн Д.Эрдэнэбилэг эзэмшиж байна.

Мөн Увс аймгийн Завхан сумын нутагт байдаг “Шар толгой” хэмээх газрын ховор элементийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг ч Д.Эрдэнэбилэг Монголиан Нейшнл Рийр Ийрт Корпорейшн ХХК-иар эзэмшиж байна.

Харин Ховд аймгийн Мянгад сумын нутагт байх “Бор толгой” хэмээх газрын ховор элементийн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшигч Монголиан Лантаноиде Корпораци ХХК-ийг Силверстрийм ресурс ХХК-иар дамжуулж Моннис группийн эзэн Б.Чулуунбаатар эзэмшиж байна. Хачирхалтай нь,дэлхийн нийт нөөцийн 16 хувийг бүрдүүлж байгаа манай улсын “газрын ховор элемент”-ийн ашиглалтын лицензыг Д.Эрдэнэбилэг, Б.Чулуунбаатар нарын цөөн хэдхэн хүн эзэмшиж байгаа юм.