Д.Очирбатыг ЭМЯ-ны ТНБД-аар эргүүлэн томилох шүүхийн шийдвэр гарсан тул С.Чинзориг сайдын санал болгосон хүнийг ТАЗ-өөс дэмжихгүй байгаа аж

Д.Очирбатыг ЭМЯ-ны ТНБД-аар эргүүлэн томилох шүүхийн шийдвэр гарсан тул С.Чинзориг сайдын санал болгосон хүнийг ТАЗ-өөс дэмжихгүй байгаа аж

Одоогоос таван жилийн өмнө буюу 2018 оны нэгдүгээр сард Засгийн газрын хуралдаанаар Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбатыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Улмаар түүнийг Нэгдүгээр эмнэлгийн даргаар томилсон юм. Гэтэл түүнээс хойш дөрвөн сарын дараа буюу 2018 оны тавдугаар сард тус эмнэлэгт хийсэн зүрхний хагалгаа амжилтгүй болсон. Улмаар 30-65 насны хоёр хүн амь насаа алдсан харамсалтай хэргийн улмаас ажлаа аваад хэдхэн сар болж байсан Д.Очирбатыг тухайн үед  Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байсан Д.Сарангэрэл үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм.

-Д.ОЧИРБАТЫГ ЭМЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН АЖИЛД НЬ БУЦААН ТОМИЛОХ ШИЙДВЭРИЙГ ШҮҮХЭЭС ГАРГАЖЭЭ-

Тухайн үед Д.Очирбат ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас нь чөлөөлсөн Д.Сарангэрэлийн шийдвэрийг хууль бус хэмээн үзэж шүүхэд хандан бүтэн гурван жил шүүхдэж эцэст нь ялалт байгуулсан.  Учир нь 2018 оны нэгдүгээр сард У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрэлдээд хоёр сар болж байх үед Эрүүл мэндийн шинэхэн сайд Д.Сарангэрэл түүнийг ажлаас чөлөөлөх асуудлыг Засгийн хуралдаанаар оруулж, дэмжүүлсэн байдаг. Ингэхдээ энэ талаар Д.Очирбатад мэдэгдээгүй, дур мэдэн шийдвэр гаргасан гэж буй. Улмаар Шүүхээс түүний ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 57 сая төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгалыг нь төлүүлж, ажилд нь буцаан томилох шийдвэрийг гаргасан юм.

-С.ЧИНЗОРИГ САЙД "ӨӨРИЙНХӨӨ ХҮНИЙГ" ТУС АЛБАН ТУШААЛД ТОМИЛУУЛАХААР ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛД НЭРИЙГ НЬ ХҮРГҮҮЛСЭН Ч ДЭМЖЭЭГҮЙ АЖ-

Өнөөдрийн байдлаар ЭМЯ нь Төрийн нарийн бичгийн даргагүй байгаа. Өнгөрсөн нэгдүгээр сард Ковидын хуулиар томилогдсон албан тушаалтнуудыг чөлөөлөх шийдвэрийг Засгийн газраас гаргасан. Эдгээр албан тушаалтнуудын дунд ЭМЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ц.Эрдэмбилэг багтсан  юм.

Түүнийг чөлөөлсөн нэгдүгээр сараас хойшхи есөн сарын хугацаанд тус яам нь Төрийн нарийн бичгийн даргагүй байна.

Үүрэг гүйцэтгэгчээр нь УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн эхнэр тус яамны Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газрын дарга С.Төгсдэлгэр ажиллаж байна. Угтаа бол Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Төрийн нарийн бичгийн даргыг нэр дэвшүүлж Засгийн газрын хуралдаанд оруулж томилуулах ёстой. Гэтэл тэрбээр өнөөдрийг хүртэл яамныхаа Төрийн нарийн бичгийн даргыг тодорхой болгож Засгийн газрын хуралдаанд оруулсангүй.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар тэрбээр өөртэй нь ойр хүнээ ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилуулахаар бэлтгэж, нэрийг нь Төрийн албаны зөвлөлд хүргүүлсэн ч дэмжигдээгүй байна.

Учир нь Д.Очирбатыг буцааж ажилд нь томил гэдэг шүүхийн шийдвэр гарсан учир  шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх хуулийг Төрийн албаны зөвлөлөөс сануулж, С.Чинзориг сайдын санал болгосон хүнийг дэмжихгүй байгаа аж. Харин нөгөө талд С.Чинзориг сайд өөрийнхөө хүнийг томилуулахаар зүтгэж байж магадгүйгээс болж Эрүүл мэндийн яам нь мэргэжлийн удирдлагаар хангах үүрэгтэй чухал албан тушаалтнаа томилж чадахгүй өнөөдрийг хүрээд байгаа аж.




Өнөөдөр морь өдөр

18 цагийн өмнө