ХЭН НЬ ХЭН БЭ: АЭХ-ны тэргүүнд "нүүрсчин" гэх А.Адъяасүрэн, "Фортуна" Н.Батбаярын охин Б.Жаргалан, "М ойл" босс Б.Пунсалмаа нарын эмэгтэйчүүд өрсөлдөнө

ХЭН НЬ ХЭН БЭ: АЭХ-ны тэргүүнд "нүүрсчин" гэх А.Адъяасүрэн, "Фортуна" Н.Батбаярын охин Б.Жаргалан, "М ойл" босс Б.Пунсалмаа нарын эмэгтэйчүүд өрсөлдөнө

УИХ-ын сонгуулийн өмнө Ардчилсан нам Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээ өөрчилж байна. Тус холбооны одоогийн ерөнхийлөгч С.Одонтуяа ажлаа хүлээлгэн өгөх үүрэгт хугацаа нь болж дараагийн тэргүүнийг сонгох "Дээд чуулган" ирэх даваа гарагт буюу есдүгээр сарын 25-ны өдөр болохоор товлогдоод буй. Энэ өдөр тус холбооны "Дээд чуулган"-д Монгол улсын 21 аймаг, есөн дүүргээс сонгогдсон 350 гаруй эмэгтэй төлөөлөгч оролцож, эмэгтэйчүүдийн тэргүүнээ тодруулна. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд доорх эмэгтэйчүүд өрсөлдөхөө мэдэгдээд буй бөгөөд тэдний тухай товч мэдээллийг хүргэж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН АСАН З.НАРАНТУЯА: Түүний хувьд 2016-2020 онд УИХ-ын гишүүнээр ажилласан. Ажиллах хугацаандаа УИХ-аар хэлэлцэгдэж буй эдийн засгийн хөгжилтэй холбоотой бүхий л баримт, бичгийг боловсруулж боловсрол өндөр, хууль “нухдаг” гэх имижээрээ ялгарч байв. Тэрбээр УИХ-ын гишүүнээр ажиллахаа больсны дараа чимээгүй байж байгаад өнгөрсөн нэгдүгээр сард болсон Ардчилсан намын даргын сунгаанд өрсөлдсөн. Сүүлийн үед тэрбээр намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байгаа. З.Нарантуяа нь боловсролтой, нямбай эмэгтэй ч улстөрчдийн хувьд харизма багатай, сулхан гэгдэх шүүмжлэлд өртдөг билээ.

УИХ-ЫН ГИШҮҮН А.АДЪЯАСҮРЭН: Тэрбээр Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид аль дөрвөн сарын өмнөөс бэлтгэж, яриа тохироогоо хийж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, дарга болох тохироогоо экс Ерөнхийлөгч Х.Баттулгаар дамжуулан Л.Гантөмөртэй эртнээс хийсэн гэдэг нь бичигдсэн. Гэхдээ намынхан нь дэмжих эсэх нь эргэлзээтэй. Улс төрд түүнийг Х.Баттулгын хүн гэдэг. Гэвч  Х.Баттулга нь ч, өөрөө ч нэр муутай, нийгэмд эзлэх байр суурьгүй. Улстөрчдийн хувьд гавихгүй тэрбээр бизнесээ хамгаалж улстөрд орж ирсэн гэх яриа байдаг. Цаашлаад “нүүрсний хэрэг”-т шалгагдаж өдгөө хэрэг нь хэрхэн шийдэгдэж буй тухай мэдээлэл нууцлагдмал байгаа юм. Тэгэхээр тэрбээр ял авахаас хамгаалж улстөрөө үргэлжлүүлэх, УИХ-д үлдэх зорилготойгоор нэр дэвшиж байж  ч болзошгүй юм.

Б.ЖАРГАЛАНЭдийн засгийн хөгжлийн сайд асан "Фортуна" Н.Батбаярын охин гэдгээр нь олон нийт илүү мэднэ. Залуу эмэгтэйчүүдийн төлөөлөл.  Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр ажилладаг тэрбээр одоо албан тушаалаа ахиулахаар ийнхүү нэр дэвшжээ. Тэрээр Нью Йорк хотын Колумбын их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. “Занаду арт” галерейн захирал хийж, “976” сэтгүүл гарган, зөвлөх үйлчилгээний компанийн захирлаар ажилласан туршлагатай. Сүүлийн үед түүнийг “Уухай!” подкаст хөтөлж буй.

"М-Ойл” ГРУППИЙН ЗАХИРАЛ Б.ПУНСАЛМАА: 2020 оны сонгуульд Ардчилсан намаас  Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшсэн түүнийг жилийн 85 тэрбумын орлоготой бизнесмен эмэгтэй гэдгээр нь хүмүүс мэднэ. Учир 2020 оны сонгуулийн үеэр түүний хөрөнгө орлогын мэдээлэл олон нийтэд ил болж, дээрх 85 тэрбумын яриа өрнөж байв. Хамгийн сүүлд тэрбээр “Монгол HD” телевизийн “Шарк танк” нэвтрүүлэгт шүүгчээр ажиллаж, энэ үеэрээ  олон бизнес эрхлэгчийг дэмжсэн байдаг. Тэрбээр "Mongol made" савангийн төсөлд ханцуй шамалж, дотоодын савангийн хэрэгцээний 50 хувийг хангах, хот хөдөөд 1000 эмэгтэйг ажлын байртай болгох зорилготой яваа гэдгээрээ илүү танигдаж яваа. Тэрбээр Ардчилсан намын үйл ажиллагаанд эртнээс идэвхтэй оролцож ирсэн нэгэн.

АМГ-ЫН ДАРГА АСАН Д.ҮҮРИЙНТУЯА:  Тэрбээр Сэлэнгэ аймагт нэр дэвшээд ялагдаж байсан түүхтэй. 2012 онд АН Засгийн эрх авсны дараа Ашигт малтмалын газрын дэд даргаар томилогдож байв. Үүний дараа хоёр жил даргын үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулж байгаад 2016 онд даргаар нь жинхэлж байсан. АН дотор түүнийг С.Эрдэнийн хүн гэдэг.

Эдгээр эмэгтэйчүүд дээр “Найрамдал” зуслангийн захирал асан Д.Оюунцэцэгийн нэр дуулдаж буй юм.