Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олны анхаарлыг татахгүйгээр Хархорин суманд очиж шинэ нийслэл хотын хэмжилтийн эхний цэгийг тавиад НҮБ-ын хурал руу явжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх олны анхаарлыг татахгүйгээр Хархорин суманд очиж шинэ нийслэл хотын хэмжилтийн эхний цэгийг тавиад НҮБ-ын хурал руу явжээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис энэ сарын эхний өдрүүдэд манай улсад төрийн айлчлал хийсэн. Түүний айлчлалын дөрөв дахь өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн Хархорин суманд ажилласан байдаг. Энэ талаар бид өмнө нь мэдээлж байсан бөгөөд чухал айлчлалын үеэр чухам ямар зорилгоор нам гүмхэн Хархоринд ажиллав гэдэг нь анхаарал татсан юм.

-"ШИНЭ ХАРХОРИН" ХОТЫН ТӨЛӨВЛӨЛТӨД АРХАНГАЙ АЙМГИЙН СУМД БАГТЖЭЭ-

Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тус өдөр Хархорин суманд очиж “Шинэ нийслэл хот"-ын хэмжилтийн эхний цэгийг тавьжээ. 

Эх  сурвалжийн мэдээллээр “Шинэ Хархорин” хотын төлөвлөлтийг хийхдээ гурван хэсэгт хувааж байгаа. Тодруулбал, Эрдэнэзуу хийд орчим болон одоогийн Хархорин сумыг аялал жуулчлалын төв үүнээс хойшхи буюу нисэх онгоцны буудлаас эхлэн Архангай аймгийн Хотонт, Хашаат зэрэг сумыг суурин хот, Өгий-Нуур орчмыг  иргэдийн амрах хэсэг болгон тохижуулахаар төлөвлөж буй аж.

Өөрөөр хэлбэл, Эрдэнэзуу хийдээс хойш шинэ хотын бүтээн байгуулалт эхлэх нь. Эрдэнэзуу хийдийн тухайд хөндөж болохгүй түүхийн үнэт өв бөгөөд Юнеско 2004 онд Орхоны хөндийг дэлхийн өвийн жагсаалтанд 1081 дэх байршлаар бүртгэн авсан.

“Шинэ Хархорин” хотын ерөнхий архитектороор Нийслэлийн Ерөнхий архитектор асан Н.Нацагдорж ажиллаж байгаа. Мөн Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг чухал үүрэг оролцоотой ажиллаж байгаа гэх мэдээлэл бий. Тэд зураг төслийн ажлыг эхлүүлж буй бөгөөд үүнтэй холбоотойгоор Ерөнхийлөгч шинэ хотын хэмжилтийн эхлэлийн цэгийг тавьжээ. Харин шавыг ирэх жилийн зун амжиж хийхээр төлөвлөсөн байна.

-ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ НҮБ-ЫН ИНДРЭЭС "ХАРХОРУМ ХОТЫГ БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ, ЭКО ХОТ БОЛГОН СЭРГЭЭН БАЙГУУЛАХ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ЭХЛҮҮЛСЭН" ГЭЖ ХЭЛЭВ-

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг тус суманд ажиллахтай холбоотойгоор Хархорин сумын удирдлагууд бэлтгэл ажлыг хангаж, байр байшингаа будаж засч сэлбэсэн гэх мэдээлэл бий. Мөн Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид, Өгий-Нуур, Хашаат, Хотонт сумын Засаг дарга нар байлцжээ. Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өгий-Нуур сумын Засаг даргад хандан Өгий-Нуурыг хамгаал, Ганга нуур шиг аялагчид авалгүйгээр нэг жил өнжүүл зэргээр зөвлөжээ.

Харин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр /2023.09.21/ НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78 дугаар чуулганд илтгэл тавихдааДэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Орхоны хөндийд монголчуудын эртний нийслэл Хархорум хотыг байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжилд тулгуурласан ухаалаг-эко хот болгон сэргээн байгуулах их бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлээд байна” гэж мэдэгдсэн.

Түүний олны анхаарлыг татахгүйгээр Хархоринд ажилласан нь дээрх мэдэгдэлтэй ийнхүү зангигдаж байна. Ташрамд дурдахад, өнгөрсөн нэгдүгээр сарын 03-ны өдөр Засгийн газраас “Орхоны хөндийд хот байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан.




Улаанбаатарт 29 градус дулаан байна

54 минутын өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр бич өдөр

59 минутын өмнө