ОХУ-ын Төрийн думын дарга В.Володинын манай улсад хийх айлчлал маргааш эхэлнэ

ОХУ-ын Төрийн думын дарга В.Володинын манай улсад хийх айлчлал маргааш эхэлнэ

УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга Вячеслав Викторович Володин энэ сарын 23-25-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсоор айлчилна. 

Айлчлалын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар, ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин нар албан ёсны хэлэлцээ хийж, В.В.Володин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхан, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзах юм. Уулзалт, хэлэлцээний үеэр Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд чиглэсэн парламент хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хоёр орны худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар дэлгэрэнгүй санал солилцоно. Айлчлалын хүрээнд УИХ, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын анхдугаар хуралдааныг зохион байгуулна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.