АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо /АЭХ/-ны тэргүүнийг тодруулах "Дээд чуулган" ирэх даваа гараг /2023.09.25/-т товлогдоод байна. Харин тус холбооны тэргүүнд УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн болоод Б.Жаргалан, Б.Пунсалмаа, Д.Үүрийнтуяа, Д.Энхтуяа, Д.Эрдэнэсувд, Г.Хажидмаа, Ц.Уянга, Н.Одонгуа гэсэн есөн эмэгтэй өрсөлдөнө хэмээн бүртгүүлсэн байна.
Харин тэд өнөөдөр /2023.09.22/ АЭХ-ны тэргүүнд өрсөлдөнө гэдгээ баталгаажуулж, "Дээд чуулган"-аа зохион байгуулахад шаардлагатай санхүүжилт буюу нэр дэвшигч тус бүр 60 сая төгрөг тушаах сүүлийн өдөр аж. Гэтэл АЭХ-ны тэргүүнд нэр дэвшинэ хэмээн бүртгүүлээд байсан Д.Энхтуяа, Г.Хажидмаа нар 60 сая төгрөгийн дэнчингээ өгөөгүй тул хасагдаж, тэдний төлөх ёстой байсан нийт 120 сая төгрөгийг бусад долоон нэр дэвшигч эмэгтэйчүүд хуваан төлж байгаа ажээ.