В.В.Володин: Түлш шатахууны түр хязгаарлалтад Монгол Улс хамаарахгүй

В.В.Володин: Түлш шатахууны түр хязгаарлалтад Монгол Улс хамаарахгүй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володинд өнөөдөр /2023.09.24/ бараалхлаа.

Иж бүрэн стратегийн түншлэлд тулгуурласан Монгол, Оросын хамтын ажиллагаанд Монгол Улс тэргүүлэх ач холбогдол өгдгийг онцлон тэмдэглээд хоёр орны хооронд дээд, өндөр түвшний харилцан айлчлал идэвхжиж, харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж байгаад баяртай буйгаа Ерөнхий сайд илэрхийлжээ. Мөн Монгол, Орос хоорондын худалдааны тэнцвэргүй байдлыг багасгах, төмөр зам, эрчим хүчний салбарт хэрэгжүүлж буй хамтарсан төслүүдийн хэрэгжилтийг түргэтгэх, бүс нутгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, боловсрол, соёл, спортын салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх зэрэг өргөн хүрээний асуудлаар талууд санал солилцов.

Түүнчлэн сүүлийн үед ОХУ түлш шатахууны экспортоо түр хязгаарлах шийдвэр гаргасантай холбогдуулж Монгол Улсад тогтвортой нийлүүлэхэд анхаарч өгөхийг уулзалтын үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийлхэдэ, "Түлш, шатахууны экспортыг түр хязгаарлах тогтоолыг гаргахдаа Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээртэй, мөн найрсаг харилцаатай орнуудад хамаарахгүй байхаар тусгасан. Тиймээс Монгол Улсад түлш, шатахууны экспортын түр хязгаарлалт хамаарахгүй" гэдгийг ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володин онцлон дурдлаа.