Өнөөдөр тодрох АН-ын эмэгтэйчүүдийн тэргүүн "намын жагсаалт"-д орно гэсэн тохироо байхгүй ч, хамтарсан ЗГ-т улс төрийн албан тушаал хашна

Өнөөдөр тодрох АН-ын эмэгтэйчүүдийн тэргүүн "намын жагсаалт"-д орно гэсэн тохироо байхгүй ч, хамтарсан ЗГ-т улс төрийн албан тушаал хашна

Өнөөдөр /2023.09.25/ 09:00 цагт АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо /АЭХ/-ны тэргүүнийг тодруулах "Дээд чуулга" Корпорейт Конвейншн цэнтрт эхлээд байна.

Тус албан тушаалын төлөө УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн болон АН-ын гишүүд болох Б.Жаргалан, Б.Пунсалмаа, Д.Үүрийнтуяа, Д.Энхтуяа, Д.Эрдэнэсувд, Г.Хажидмаа, Ц.Уянга, Н.Одонгуа гэсэн есөн эмэгтэй өрсөлдөнө хэмээн бүртгүүлээд байсан ч Д.Энхтуяа, Г.Хажидмаа нар "Дээд чуулган"-аа зохион байгуулахад шаардлагатай 60 сая төгрөгөө тушаагаагүй тул "хасагдсан" байгаа юм. Харин АН-ын хуучин лидерүүд болох Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ нар олон нийтийн сүлжээнд "элийрэгч" хэмээх нэрээр танигдсан Ц.Уянгыг дэмжиж байр сууриа илэрхийлээд байна.

Тэгвэл хоёр жилийн өмнө хэн ч тоохгүй байсан Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн хэмээх албан тушаалын яагаад ийнхүү өрсөлдөөнтэй болж байгаа нь анхаарал татаж байгаа юм.

Энэ талаар АН-ын нэрээ нууцлахыг хүссэн удирдлагын багийн гишүүнээс тодруулахад, "Мэдээж УИХ-ын сонгуулийн өмнө болж байгаа гэдгээрээ бүсгүйчүүд ширүүн өрсөлдөж байна. Нөгөө талаар АЭХ-ны тэргүүн ирэх сонгуулиар яг намын жагсаалтад заавал орно гэсэн тохироо байхгүй. Гэхдээ жагсаалтад орсон тохиолдолд дээгүүр бичигдэх нь гарцаагүй.

Нөгөө талаар 2024 оны УИХ-ын сонгуулийн дараа улс төрийн намууд хамтарсан Засгийн газар байгуулна гэж яригдаж байгаа. Ингэсэн тохиолдолд АЭХ-ны тэргүүн хамгийн түрүүнд улс төрийн албан тушаалд томилогдох нь гарцаагүй" гэсэн тодруулгыг өглөө. Энэ бүхнээс харахад, өнөөдөр тодрох АН-ын дэргэдэх АЭХ-ны тэргүүн нь ирэх 2024 оны УИХ-ын сонгуулиар АН-ын жагсаалтад дээгүүр бичигдэн парламентын гишүүн болж магадгүй байгаа бөгөөд нөгөө талаар хамтарсан Засгийн газар байгуулагдсан тохиолдолд улс төрийн албан тушаал хаших бололтой.