Монгол Улсын Их Хурал, ОХУ-ын Холбооны Хурал хоорондын хамтын ажиллагааны Комиссын Анхдугаар хурал өнөөдөр /2023.09.25/ Төрийн ордонд болжээ.
УИХ-ын дарга Г.Занданшатар тус хурлыг нээж хэлсэн үгэндээ, "парламент хоорондын хамтын ажиллагааны комиссын энэхүү хурал нь зөвхөн хоёр талын улс төрийн төдийгүй худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн цаг үеийн болон тулгамдсан асуудлыг авч хэлэлцэж, цаашдын хөгжлийн чиг баримжааг зөв тодорхойлох чухал ач холбогдолтой талбар болох нь дамжиггүй. Монгол Улс нээлттэй улс төрийн тогтолцоо, хариуцлагатай засаглалыг бий болгохыг эрмэлзэж, байгаль орчиндоо ээлтэй хөгжлийн гарцыг эрэлхийлж, эдийн засгаа солонгоруулах, бүс нутгийн дэд бүтцийн бүх талын холболтыг өргөжүүлэх, тэр дундаа эрчим хүч, зам тээвэр, хөдөө аж ахуйн салбарт онцгой анхаарал хандуулах, мөнхийн хөрш оронтойгоо найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийг чухалчилж байна" гэжээ.
Харин үүний дараа ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга В.В.Володин хэлсэн үгэндээ, "1921 онд Орос улс Монгол Улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн анхны улс болж байсан. Үүнээс хойш манай хоёр улс харилцан ашигтай, хамтран ажиллаж, бие биеийнхээ дотоодын хэрэгт оролцохгүй, хүндэтгэх гэсэн зарчимд тулгуурлан хамтын ажиллагаагаа хөгжүүлж байна. Энэхүү харилцааг улам хөгжүүлэхэд хоёр улсын парламент чухал хувь нэмэр оруулж байна. Мөн хоёр улсын төрийн тэргүүн нарын түвшинд хүрсэн бүх тохиролцоог ажил хэрэг болгоход хууль тогтоох байгууллагаас хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхэд хамтран ажиллах ёстой" гэжээ.
Сонирхолтой нь, Монгол Улс, ОХУ-ын парламентын хамтарсан Комиссын анхдугаар хуралд Шадар сайд С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн, Г.Тэмүүлэн, Б.Баттөмөр, Б.Саранчимэг, Э.Батшугар, Ж.Чинбүрэн нар оролцжээ.