Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг ‘‘CreArtive Vienna”-н үүсгэн байгуулагч, Петр Хосек-ыг хүлээн авч уулзлаа

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг ‘‘CreArtive Vienna”-н үүсгэн байгуулагч, Петр Хосек-ыг хүлээн авч уулзлаа

Энэ жил Монгол Австри хоёр Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ой тохиож байна.Энэ хүрээнд Монгол дахь Австрид төгсөгчдийн холбооны урилгаар Австрийн Вена хотод байрладаг Хабсбургийн Хаант Улсын хааны ордон Шёнбрунн ордны концертын продюсер болон ‘‘CreArtive Vienna”-н үүсгэн байгуулагч, захирал ноён Петр Хосек уригдан иржээ.

‘‘CreArtive Vienna’’ нь Австрийн Вена хотод байрладаг урлаг, соёлын бүтээлч төслүүдийг сурталчлах, хэрэгжүүлэх дижитал инновацын төв юм. Монгол Улсын Их Хурлын гишүүн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Монгол Австрийн парламентын бүлгийн дэд дарга Б.Саранчимэг өнөөдөр ноён Петр Хосекийг Төрийн ордонд хүлээн авч уулзлаа.

Ноён Петр Хосек Улсын Их Хурлын гишүүн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга бөгөөд Монгол Австрийн парламентын бүлгийн дэд дарга Б.Саранчимэгтэй уулзаж байгаадаа талархал илэрхийлж, Монгол орны олон зуун жилийн түүх, ёс заншил, нүүдэлчин соёл болон Чингис хаан музей, Үндэсний Урлагийн Их театр зэрэг Монголын ард түмний соёл урлаг, түүхийн өвтэй танилцсандаа баяртай байгаагаа илэрхийлсэн.

Мөн ноён Петр Хосек нь 2025 онд болох алдарт хөгжмийн зохиолч Йохан Штраусын 200-н жилийн ойд зориулсан дэлхийн аялан тоглолтыг зохион байгуулагч, продюсераар ажиллаж байгаа бөгөөд уг арга хэмжээг Монгол Улсад зохион байгуулах хүсэлтэй байгаагаа Улсын Их Хурлын гишүүн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, Монгол Австрийн парламентын бүлгийн дэд дарга Б.Саранчимэгт илэрхийллээ.