“Монгол-Оросын хамтарсан комиссын 19 дүгээр хуралдаан ОБЕГ-т болж байна" гэж мэдээллээ

“Монгол-Оросын хамтарсан комиссын 19 дүгээр хуралдаан ОБЕГ-т болж байна" гэж мэдээллээ

Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг арилгах салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх “Монгол-Оросын хамтарсан комиссын 19 дүгээр хуралдаан” ОБЕГ-т болж байна.

Хуралдаанд Монгол Улсаас ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян тэргүүтэй, ОХУ-аас Иргэний хамгаалалт, онцгой байдал, байгалийн гамшгийн үр дагаврыг арилгах асуудал эрхэлсэн сайд, дэслэгч генерал А.В.Куренков тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын Үйлдвэрийн осол, байгалийн гамшгаас урьдчилан сэргийлэх, тэдгээрийн үр дагаврыг арилгах салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийг 28 өмнө байгуулснаас хойш амжилттай хэрэгжүүлж ирлээ. Хэлэлцээрийн хүрээнд Засгийн газар хоорондын комиссын хуралдааныг 18 удаа, хил орчмын бүс нутгийн хуралдааныг жил бүр 2-3 удаа зохион байгуулж, цаг үеийн болон дунд, урт хугацааны хамтын ажиллагааны олон асуудлыг хамтран хэрэгжүүлж иржээ.

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян хуралдааныг нээж хэлсэн үгэндээ, “Монгол, Оросын ард түмний найрамдалт харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд 1995 онд байгуулсан, Засгийн газар хоорондын хэлэлцээрийг хэрэгжүүлэх, хоёр орны онцгой байдлын салбар дахь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хамтарсан комиссын хуралдаан үр дүнгээ өгч, хил залгаа бүс нутаг, аймгийн хүрээнд өргөжин тэлж байгаа”-г онцоллоо.

Монгол Улсаас ОХУ-ын Онцгой байдлын яамны харьяа Цэрэг, иргэний хамгаалалтын академи, Улсын гал эсэргүүцэх албаны академид 2001-2023 онд 150 гаруй албан хаагч суралцаж иргэний хамгаалалт, галын аюулгүй байдлын чиглэлээр магистрын зэрэг хамгаалжээ. 

Түүнчлэн манай улсын Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 2005 оноос ОХУ-ын Онцгой байдлын яамны Бүгд Найрамдах Тува, Буриад, Өвөрбайгалийн хязгаар дахь Ерөнхий газруудад “Аврагч-гал сөнөөгч, гал унтраах автомашины жолооч” мэргэжлээр ур чадвар дээшлүүлэх сургалтад хамрагдаж, 2021 онд ОБЕГ, ОХУ-ын ОБЯ хамтран Хөвсгөл нуурт живсэн автомашинуудыг гарган авах, гүний усны дадлага сургуулийг амжилттай зохион байгуулсан юм.

Хамтарсан комиссын хуралдааны үеэр ОХУ-ын Иргэний хамгаалалт, онцгой байдал, байгалийн гамшгийн үр дагаврыг арилгах асуудал эрхэлсэн сайд, дэслэгч генерал А.В.Куренков тэргүүтэй төлөөлөгчид ОБЕГ-ын Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийн үйл ажиллагаатай танилцжээ. ОБЕГ-ын Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв, ОХУ-ын ОБЯ-ны Хямралын удирдлага, зарлан мэдээлэх үндэсний төв хооронд хамтран ажиллах журмыг энэ онд байгуулсан нь хоёр улсын нутаг дэвсгэрт тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, байгалийн болон хүний хүчин зүйлээс үүдэлтэй онцгой байдлаас урьдчилан сэргийлэх, арилгах, хариу арга хэмжээ авах, гамшигт өртсөн хүн амд хүмүүнлэгийн тусламжийг цаг алдалгүй хүргэж, шуурхай шийдэхэд дэмжлэг үзүүлэх ач холбогдолтой юм.