Оросын дарга В.В.Володин хамтарсан комиссын хурлын үеэр "Хоёр орон бусад улсын хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй" гэж сануулаад "Их цайны зам" маршрутыг байгуулъя гэжээ

Оросын дарга В.В.Володин хамтарсан комиссын хурлын үеэр "Хоёр орон бусад улсын хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй" гэж сануулаад "Их цайны зам" маршрутыг байгуулъя гэжээ

УИХ-ын дарга Г.Занданшатарын урилгаар ОХУ-ын Думын дарга В.В.Володин энэ сарын 24-25-нд манай улсад айлчилсан. 

Энэ үеэрээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзахдаа "Монгол Улсын иргэдийн дунд Оросын боловсрол, уламжлал ёс эрэлт хэрэгцээтэй байсаар ирсэн. Өнгөрсөн хугацаанд 60 гаруй мянган мэргэжилтэн Орос улсад боловсрол эзэмшсэн. Иймд цаашид Орос хэл сурах, хэрэглэхэд шаардлагатай бүх нөхцөл Монголд бүрдэнэ гэж бид найдаж байна" гэж хэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл түүний айлчлалаар хоёр улсын УИХ-ын хамтарсан комиссын хуралдаан болсон юм. Энэ үеэр юу яригдсан талаарх мэдээллийг бид хүргэж байна. Учир нь манай албан албан ёсны вэб сайтуудад энэ талаар тодорхой мэдээлэл дурдаагүй байв. Харин ОХУ-ын Duma.gov.ru сайтад хамтарсан комиссын хуралдаан болсныг дурдаад доорх мэдээллийг гаргажээ. 

-ХОЁР ТАЛЫН ХАРИЛЦААНЫ ДИНАМИКИЙГ В.ПУТИН, У.ХҮРЭЛСҮХ НАР ТОДОРХОЙЛЖ БАЙНА-

Энэ хуралдааны үеэр ОХУ-ын Думын дарга В.В.Володин "Хоёр талын харилцааны динамикийг ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нар тодорхойлж байна. Орос, Монгол улсын харилцан хүндэтгэх, эрх тэгш байх, бусад улсын хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх зарчмын дагуу харилцаагаа хөгжүүлсээр ирсэн. Орос, Монголын парламентын хамтын ажиллагааны комиссын ажлыг жил бүрийн уулзалтаар хязгаарлахгүйгээр тасралтгүй явуулах ёстой. Тус комиссын хоёр дахь хурлыг ирэх оны гуравдугаар сард Москвад зохион байгуулах саналтай байна" гэжээ. 

Харин харилцан ашигтай хамтын ажиллагааны хүрээнд УИХ-ын гишүүд, ОХУ, Монгол Улсын холбогдох газруудын төлөөлөгчид тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцсан байна. Энэ үеэр Оросын тээврийн дэд бүтцийн хөгжлийн хорооны дэд дарга Анатолий Лесун “Бид хамтдаа тээврийн хамтын ажиллагаа болон бусад асуудлаар бодит үр дүнд хүрч чадсан. Орлогчийн хэлснээр, тээвэр, ложистикийн дэд бүтцийг цаашид хөгжүүлэхэд онцгой анхаарч, энэ нь хил дамнасан тээврийн өсөлт, харилцан худалдааны эргэлтийг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулах ёстой" гэжээ.

Мөн Оросын шинжлэх ухаан, дээд боловсролын хорооны дарга Сергей Кабышев "Оросын тал монгол оюутнуудыг сургах квотыг нэмэгдүүлэхэд бэлэн байна" гэсэн бол Байгаль орчныг хамгаалах салбарын харилцааг хөгжүүлэх талаар Залуучуудын бодлогын хорооны гишүүн Вячеслав Дамдинцурунов гэгч "Улаан номонд орсон амьтад, ой модыг түймрээс хамгаалах чиглэлээр улс орнууд идэвхтэй хамтран ажиллаж байгаа" гэжээ.

-БНХАУ-ТАЙ ХАМТРАН УЛС ХООРОНД "ИХ ЦАЙНЫ ЗАМ" МАРШРУТЫГ  БИЙ БОЛГОЁ ГЭЖЭЭ-

Харин аялал жуулчлал, аялал жуулчлалын дэд бүтцийн хөгжлийн хорооны дарга Сангажи Тарбаев БНХАУ-тай хамтран улс хоорондын аялал жуулчлалын “Их цайны зам” маршрутыг бий болгох боломжийн талаар ярьжээ. Түүнчлэн хил орчмын бүс нутгуудад аялал жуулчлалыг хөгжүүлэхийг манай талд санал болгосон байна. Мөн Оросын эдийн засгийн бодлогын хорооны нэгдүгээр орлогч дарга Надежда Школкина гэгч, "хоёр орны худалдааны эргэлт нэмэгдэж байгаа ч тэнцвэргүй байдал үүсээд байгааг онцолж. Тийм учраас өнөөдөр манай Засгийн газар гаалийн татварыг тэглэх асуудлыг эргэн харж байна" гэжээ. 




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө