АЭХ-ны тэргүүнийг тодруулахад "мөнгө тараасан асуудал гарсан" гэх хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн оролцсонгүй

АЭХ-ны тэргүүнийг тодруулахад "мөнгө тараасан асуудал гарсан" гэх хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн оролцсонгүй

АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо /АЭХ/-ны тэргүүнийг тодруулах "Дээд чуулган" даваа гараг /2023.09.25/-т болж өндөрлөсөн. Улмаар тус албан тушаалд УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн болон Б.Жаргалан, Ц.Уянга, Д.Үүрийнтуяа тэргүүтэй долоо эмэгтэй өрсөлдөж, "Дээд чуулган"-нд оролцсон төлөөлөгчдийн олонхын саналаар АЭХ-ны тэргүүнээр Б.Жаргалан сонгогдсон. 

Энэ удаа АЭХ-ны тэргүүний төлөө АН-ын эмэгтэй гишүүдийн дунд нэлээдгүй ширүүн өрсөлдөөн болсон нь тус холбооны тэргүүний нэр ирэх 2024 оны УИХ-ын сонгуулиар АН-ын жагсаалтад дээгүүр бичигдэж, парламентын гишүүн болох тул ийнхүү ширүүн өрсөлдөөн болсон гэж тайлбарлах эх сурвалжууд олон байгаа юм. 

Тэгвэл өнөөдөр /2023.09.28/ АЭХ-ны тэргүүнд өрсөлдсөн бүсгүйчүүд хамтарч хэвлэлийн хурал хийлээ. Харин тус хуралд УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн оролцсонгүй.

Гэтэл энэ үеэр АН-ын гишүүн Д.Үүрийнтуяа, “Эмэгтэйчүүдийн сонгууль богино хугацаанд,  нэр дэвшигчдэд чамгүй шалгуур тавьсан, оролцооны зардлаа төлөхөөс эхлээд төлөөлөгчтэй ажиллах боломжоор хангагдаагүй сонгууль болсон. Мөнгө тараасан асуудал гарсан. Мөнгө тараасан гэсэн баримтуудыг төлөөлөгчид бидэнд үзүүлж байсан. Гэхдээ бид 2024 оны сонгууль эхлэх гэж байхад доторх асуудлаа өөрсдөө ярилцаад цаашаа явъя гэдэг зүйл дээр ярилцсан” гэсэн мэдээллийг хийсэн юм.