МАН 2022 оны наймдугаар сарын 15 /2022.08.15/-нд Үндсэн хуулийн цэцээр “давхар дээлтэй” холбоотой заалтыг Үндсэн хуультай зөрчилдөж байна гэдэг дүгнэлт гаргуулж, наймдугаар сарын 25 /2022.08.25/-ны өдөр УИХ-ын ээлжит бус чуулган хуралдуулж, “давхар дээл”-ийг хязгаарлаж байсан заалтыг хүчингүй болгосон.
-ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗРЫН ДАРГААР “МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ГЭХ Д.БАЯРБОЛД”-ЫГ ТОМИЛСОН НЬ ЯАМНЫ АЖИЛЧДЫН ЭСЭРГҮҮЦЭЛТЭЙ ТУЛГАРЧЭЭ-
Үр дүнд нь өнөөдөр Засгийн газрын 18 гишүүн “давхар дээл” өмсчээ. Хамгийн сүүлд 2023 оны нэгдүгээр сарын 05-нд Засгийн газрын бүтцэд дахин өөрчлөлт оруулж, гурван гишүүнийг сайдын суудалд залсны нэг нь С.Чинзориг. Гэвч түүнийг сайдаар томилсноос хойш Эрүүл мэндийн яамны үйл ажиллагаа “сэхэх”-ээ байжээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар С.Чинзориг сайд яамандаа ирдэггүй, сонгогдсон тойрог болох Өвөрхангай руу байнга явах болсноос нь болж эрүүл мэндийн салбарын ажил цалгардаж, хөл толгой нь олдохгүй болсон байна.
Энгийн жишээ дурдахад, түүнийг эзгүйд гарын үсэг зуруулах шаардлагатай чухал бичиг баримтууд овоордог байна. Гэсэн атлаа салбарын зарим төсвийг Өвөрхангай аймгийн сумд руу оруулсан байж болзошгүй гэх ч мэдээлэл байгаа юм. Энэ бүхэн нь эцэстээ яамны ажилчдын дунд бухимдал үүсгэж, С.Чинзориг сайдыг огцруулах саналыг гаргах эсэх яриаг хүртэл ярихад хүргэжээ. Мөн эх сурвалжийн мэдээлж буйгаар эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй болон хэрэгжүүлэхээр эхлэхээр бэлтгэсэн зарим төсөл, хөтөлбөрүүд зогссон бололтой. Өнөөдрийн байдлаар “Эрт илрүүлэг” хөтөлбөр л алданги, оног үргэлжилж буй аж. Тус хөтөлбөр бол 2024 оны сонгуульд МАН-ын нүүрийг тахлах ганц ажил билээ.
С.Чинзориг сайд Эрүүл мэндийн яаманд очсоныхоо дараа зарим газар, хэлтсийн даргаар өөрийн хүнээ томилсон байж магадгүй байна. Тухайлбал, Эмнэлгийн тусламж үйлчилгээний газрын даргаар мэргэжлийн бус хүн буюу МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга асан Д.Баярболдыг томилжээ. Эмнэлгийн тусламж үйлчилгээний газар бол эмнэлгүүдийн үйл ажиллагааг мэргэжлийн удирдлагаар хангадаг субьект. Ийм чухал албанд мэргэжлийн бус хүнийг томилсон нь Эрүүл мэндийн яамныханы шүүмжлэлийг дагуулахад хүргэжээ. Шүүмжлэл, хэл ам өндрөө авангуут С.Чинзориг сайд Д.Баярболдын албан тушаалыг сольж, Нийтийн эрүүл мэндийн газрын даргаар томилжээ.
-Д.ОЧИРБАТЫГ ЭРГҮҮЛЭН ТОМИЛОХ ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГАРСАН УЧИР ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫН ТОМИЛГОО ГАЦЖЭЭ. ХАРИН С.ЧИНЗОРИГ САЙД Б.БЯМБАДОРЖИЙГ ТУС АЛБАН ТУШААЛД ДЭМЖИЖ БАЙГАА ГЭВ-
Бас нэг асуудал байгаа нь С.Чинзориг сайд яамныхаа Төрийн нарийн бичгийн даргыг одоог хүртэл томилж чадаагүй явдал юм. Учир нь С.Чинзориг сайд Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадоржийг яамны Төрийн нарийн бичгийн даргадаа дэмжиж байгаа аж.
Тиймээс ч өнгөрсөн зургаадугаар сард Төрийн албаны зөвлөлд хандан Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтыг захиалсан байна. Энэ дагуу Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалт зарласан ч тус албан тушаал нь шүүхийн шийдвэртэй учраас цуцалжээ.
Тодруулбал, одоогоос таван жилийн өмнө буюу 2018 оны нэгдүгээр сард чөлөөлөгдсөн Д.Очирбатыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргад нь эргүүлэн томилох шүүхийн шийдвэр гарчээ. Нэгэнт ийм шүүхийн шийдвэртэй учраас Төрийн албаны зөвлөлөөс сонгон шалгаруулалт зарлах боломжгүй болсон байна. Тийм учраас Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын томилгоо гацаанд орсон байна. Өнөөдрийн байдлаар тус яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн эхнэр тус яамны Хяналт-Шинжилгээ, үнэлгээний газрын дарга С.Төгсдэлгэр ажиллаж байна. Угтаа бол Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Төрийн нарийн бичгийн даргыг нэр дэвшүүлж Засгийн газрын хуралдаанд оруулж томилуулах ёстой. Гэтэл тэрбээр өнөөдрийг хүртэл яамныхаа Төрийн нарийн бичгийн даргыг тодорхой болгож Засгийн газрын хуралдаанд оруулсангүй.