"Ногоон автобус"-ны асуудлыг МАН-ын бүлэг, ҮАБЗ-ийн хурлаар хэлэлцэхээс гадна “Түгжрэлийн сайд” Ж.Сүхбаатарт тооцохоор ярилцаж эхэлжээ

"Ногоон автобус"-ны асуудлыг МАН-ын бүлэг, ҮАБЗ-ийн хурлаар хэлэлцэхээс гадна “Түгжрэлийн сайд” Ж.Сүхбаатарт тооцохоор ярилцаж эхэлжээ

Өнөөдөр /2023.10.02/ УИХ-ын Намрын чуулганыг нээнэ. Энэ удаагийн намрын чуулган 2020-2024 оны парламентын отгон хуралдаан бөгөөд хэлэлцэх асуудал ч ихтэй, “халуун” сэдвүүдтэй эхэлж байна.

Тодруулбал, намрын чуулганы эхний өдрийн МАН-ын бүлгийн хурлаар "ногоон автобус"-ын асуудлыг хэлэлцэх аж. Энэ хуралд “Түгжрэлийн сайд” Ж.Сүхбаатар, Хотын дарга Д.Сумъяабазар нараас автобустай холбоотой мэдээллийг сонсох аж. Бүлэг УИХ-ын түвшиндээ шийдвэр гаргаж, шаардлагатай бол ажлын хэсэг байгуулан тус ажлыг нягтлах байх.

Харин нөгөө талд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ногоон автобусыг худалдан авч нийлүүлсэн ажилд авлигал орсон эсэхийг эхний ээлжинд шалгахыг үүрэгдсэн гэдэг. Энэ дагуу АТГ, ЦЕГ-аас ажлын хэсэг гаран амралтын өдрүүдэд бужигнууллаа.

Өнгөрсөн шөнө гэхэд АТГ-аас тус автобусыг Солонгосын Daewoo Zylee компаниас худалдан авсан “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуягийн гэрт нэгжлэг хийж баривчилснаас гадна түүнтэй хамт хэд, хэдэн хүнийг 48 цагийн хугацаатай саатуулсан. Хуулийнхан 20 гаруй хүнээс мэдүүлэг авсан гэж буй. Тэдний дунд нийслэлийн Засаг даргын тамгын газрын хэд, хэдэн дарга байжээ.

Сонгуулийн өмнө автобусаар бужигнуулж рейтингээ унагаасан нь МАН-ын даргын хувьд тун хүнд цохилт болж буй. Тиймээс Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Түгжрэлийн сайд” Ж.Сүхбаатартаа хариуцлага тооцох асуудлыг хөндөж магадгүй байна. Харин Хотын дарга Д.Сумъяабазарыгаа хэрхэх нь одоогоор тодорхойгүй байна. Нөгөө талд автобус баазынхан шалгагдах нь.

Чуулганы өнөөдрийн нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үг хэлэх юм. Мөн уг хуралдаанд ҮАБЗ-ийн мэдээллийг хаалттай сонсохоор болсон гэх мэдээлэл байгаа юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар энэ удаагийн ҮАБЗ-ийн мэдээллийн гол хэсэг автобустай холбоотой асуудлууд байх бололтой. Учир нь эдгээр автобусуудыг нууцад оруулж байгаад худалдан авалтыг нь хийсэн байдаг. Сануулахад, өчигдөр “Тэнүүн огоо” ХХК болон “БНСУ-ын Daewoo” корпорациас мэдээлэл хийсэн. Ингэхдээ Монгол Улс захиалга өгөхдөө богино хугацаанд захиалгаа гүйцэтгэхийг шаардсан. Тиймээс богино хугацаанд үйлдвэрлэхдээ жижиг сажиг алдаа гаргасан тул 20 автобусыг буцаан татаж, шинэчлээд явуулна гэсэн юм. Харин НЗДТГ-аас Улаанбаатарт ирээд буй 100 автобусыг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдээд байгаа билээ. Ямартай ч  нийт 300 гаруй автобус авах ёстойгоос эхний ээлжинд авчирсан 80 автобусны асуудал эрх баригч МАН дотор өндрөө авч энэ хэрээр томоохон асуудал үүсэх нь нэгэнт тодорхой боллоо.