Ч.Өнөрбаяр: Шинэ цагийн хэлмэгдүүлэлтийн захиалагч нарт хариуцлага тооцох ёстой

Ч.Өнөрбаяр: Шинэ цагийн хэлмэгдүүлэлтийн захиалагч нарт хариуцлага тооцох ёстой

Одоогоос 25 жилийн өмнө төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг харамсалтайгаар таалал төгссөн билээ.  Тэгвэл АН-аас өнөөдөр түүний гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлж, хөшөөнд нь цэцэг өргөлөө. Мөн энэ өдрийг тохиолдуулж, "Хүний эрх ба үзэл санааны хоригдол" форумыг зохион байгуулж байна. "Blue Sky" зочид буудлын 3 давхарт болж буй тус формыг Ардчилсан намын Тэргүүн дэд дарга С.Баярцогт нээсэн юм. 

ВИДЕО:

Үүний дараа  АН-ын гишүүн Монголын Улс төрийн хэлмэгдэгсдийн холбооны тэргүүн Д.Цогтбаатар "Төрийн хэлмэгдүүлэлт" сэдвээр илтгэл тавилаа. Мөн АН-ын Хуулийн бодлого хариуцсан дэд дарга Ч.Өнөрбаяр "Үндсэн эрх ба сонгуульт дарангуйлал" сэдвээр илтгэл тавилаа.

Тэрбээр "Иргэд Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж чадахгүй байна. Монголын Улсын Засгийн газар, түүний харьяа газрууд хүний эрхийг маш ноцтойгоор зөрчиж байна. Жирийн иргэдээ татвар, мэргэжлийн хяналтаар дарамтлуулж, амьдрах боломжгүй болгож байна. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүний эрхийн хуулийн хэрэгжилттэй холбоотой асуудлаар нэг ч удаа нээлттэй мэдээлэл хийсэнгүй. Энэ бүхнээс үзэхэд, шинэ цагийн хүний эрхийн хэлмэгдүүлэлтийн цаана нь, эзэн нь байгаа учраас ичээд байгаа юм болов уу гэж үзэж байна. Монгол Улсын Үндсэн хууль дайныг сурталчилж, дайныг дэмждэггүй. Гэтэл дайн хийж болохгүй ээ гэж буй залуусаа хууль, цагдаагаар айлгаад явж байна. Учир нь эрх баригчид хойд хөршийн дарамт шахалтаас айгаад тэдгээр иргэдийнхээ амыг барьж байгаа нь үнэхээр гутамшиг, эмгэнэл. Төр засгийн шүүмжилсэн иргэдийг үзэл санааны хоригдол болгож байна. Үүний хамгийн ойрын жишээ нь Д.Мөнх-Эрдэнэ. Хэлмэгдүүлэлт хийснийхээ төлөө яагаад эрх баригчид уучлалт гуйхгүй байна вэ. Ардчилсан төрийн зарчим үйлчлэхээ больсон байна. Эрүүл ардчилал хөгжиж байгаа тохиолдолд олон цөөнх нь ээлжилж байх ёстой. Гэтэл ийм зүйл байхгүй байгаа нь зэрэмдэг ардчилал хөгжиж байгаагийн илрэл. 

Эрх баригчид эрээ цээргүй шүүх рүү дайрдаг боллоо. Шударга шүүх гэхээр Л.Оюун-Эрдэнэд л таалагддаг, түүний хэлснээр хэрэг шийддэг байх ёсгүй. Хууль зүйн сайд нь прокурорын, цагдаагийн ажил хийдэг боллоо. Ийм байж Монгол Улс хөгжихгүй. Эрх баригчид Үндсэн хуулиа дээдэлдэг байх ёстой. Шүүхийг улс төрийн дарамтаас гаргах ёстой. Үүний төлөө АН дуугарах болно. Шинэ цагийн хэлмэгдүүлэлтийн идээ бээр, захиалагч нь тодорхой болоод байна. Тиймээс эдгээр хүмүүст хариуцлага тооцох ёстой" гэлээ.