"Тэнүүн огоо" ХХК-ийн монголд оруулж ирсэн "ногоон автобус"-ны асуудлаас болж Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар, Хотын дарга Д.Сумъяабазар нар албан тушаалаасаа огцорно гэдгээ мэдэгдсэн. Энэ үеэрээ тэд "Тэнүүн огоо" ХХК-ийн удирдлагатай ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулсан гэж мэдэгдсэн юм. Тэгвэл энэ талаар Д.Амарбаясгалангаас тодрууллаа.
Тэрбээр, "Би “Тэнүүн-Огоо” ХХК-ийн захирал А.Ганхуягтай уулзаагүй гэж үгүйсгээгүй. Монгол Улсын засгийн газраас нийтийн тээврийн парк шинэчлэлтийн хүрээнд улсын төсөвт 320 гаруй тэрбум төгрөгийг суулгаж өгсөн. Энэ хүрээнд Ерөнхий сайдаар ахлуулсан танхимийн гишүүд хамтдаа нийтийн тээврийн үйл ажиллагаа эрхэлж буй төрийн өмчийн болон хувийн кампаниудын удирдлагуудтай "авто бааз II"-ийн байранд очиж уулзсан байдаг. Тухайн үед хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан миний бие болон авто замын түгжрэлийн асуудал эрхэлсэн сайд Ж.Сүхбаатар нар болон хувийн хэвшил, төрийн өмчит компаниудын төлөөлөл, оролцоог хангасан ажлын хэсэг байгуулж, манай өрөөнд нэг удаа хуралдсан. Тухайн хуралд Ж.Сүхбаатар сайд, замын цагдаагийн хурандаа, үндэсний хорооны ажлын албаны дарга, нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний асуудал эрхэлсэн нэгжийн удирдлага, хувийн хэвшлийн нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй 17 компаний холбоог төлөөлсөн “Тэнүүн-Огоо” компаний захирал ирж хуралдсан байдаг. Тэр үед ганц удаа л хуралдсан юм.
“Тэнүүн-Огоо”-ийн захиралтай манай өрөөнд Ж.Сүхбаатар сайд анх удаа уулзсан нь үнэн. Д.Сумъяабазар дарга харин уулзаагүй.
Тэр хүмүүс манай өрөөнд уулзсан гэж хэлсэн явдлыг ойлгохдоо тэр үед хоорондоо танилцсан юм болов уу гэж ойлгосон. Би хувьдаа "Тэнүүн-Огоо" ХХК-ийн захирал гэх хүнийг огт танихгүй. Тэр үед тэр компаниас ийм автобус худалдаж авна гэсэн яриа ч огт болоогүй байсан" гэлээ.
ШУУД: