Өчигдөр /2023.10.04/ МАН-ын Удирдах зөвлөл, НИТХ дэхь МАН-ын бүлэг хуралдаж Х.Нямбаатарыг Хотын даргад томилохыг дэмжсэн. Харин өнөөдөр Х.Нямбаатарыг УИХ-ын гишүүнээс нь эргүүлэн татах асуудлыг УИХ-аар хэлэлцэнэ гэх мэдээлэл байна.
-Х.НЯМБААТАРЫГ УИХ-ЫН ГИШҮҮНЭЭС НЬ ЭРГҮҮЛЭН ТАТНА-
Х.Нямбаатар сайд бол "давхар дээл"-тэй, СХД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүн. Иймд тэр Д.Сумъяабазар шиг УИХ-ын гишүүнээсээ өөрийн хүсэлтээр татгалзах юм. Үүний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамж гаргаж Д.Сумъяабазарыг огцруулж, Х.Нямбаатарыг батламжлах процесс үргэлжилнэ. Угтаа бол Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 53.2-т Засаг даргыг томилуулахаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон иргэдийн Нийтийн Хурал нэр дэвшүүлнэ гэж заасан гэдэг. Гэтэл МАН-ынхан яг урвуугаар хийж, дарга нь эхэлж хуралдан Х.Нямбаатар дээр тохироод Удирдах зөвлөл болон бусдаараа дэмжүүлж байна.
-Б.ЭНХБАЯРЫГ ГАНЦААРЧИЛСАН ТОГЛОЛТГҮЙ АЖИЛЛААРАЙ ГЭЖЭЭ-
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэний хувьд Х.Нямбаатарыг Хотын даргаар батламжлахаас гадна ХЗДХ-ийн сайдад Б.Энхбаярыг, Улаанбаатар хотын замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга, Монгол Улсын сайдад Б.Дэлгэрсайханыг мөн батламжлах юм. Энэ бүх процесс өнөөдөр болно гэх мэдээлэл байна. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүд өчигдрийн хуралдааны үеэр дээрх нэр дэвшигчдийн асуудлыг тус, тусад хэлэлцсэн.
Тухайлбал, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр "Түгжрэл хариуцсан сайдаар ажиллах саналыг олон гишүүнд тавьсан. Гэтэл "галтай салбар" гээд хүлээж аваагүй. Харин Б.Дэлгэрсайхан гишүүний хувьд аж, ахуйн ажлыг маш сайн хийж гүйцэтгэж ирсэн амжилттай яваа улстөрч, бизнесмэн хүн. Компанийг найман сарын дотор төмөр зам барьсан. Энэ ажлыг хариуцаж хийж чадна гэж итгэж байна" хэмээн хэлжээ. Харин Б.Дэлгэрсайхан гишүүн хариу юу ч хэлээгүй байна. Харин Удирдах зөвлөлийн гишүүн Б.Энхбаяын талаар үг хэлэхдээ "Намынхаа нэр хүндийг бодож ажиллаарай. Чуулганы хуралдаанд орж ганцаарчилсан тоглолт хийхээ болиорой. Засгийн газар бол кабинетын зарчмаар ажилладаг. Түүнд анхаараарай. Маш сайн ажиллаж байсан сайдын ажлыг хариуцан авлаа" гэсэн байна. Х.Нямбаатарын тухайд хурдтай, бүтээлч ажилладаг гэхээс өөр сэтгэгдлийг хэлээгүй аж.