Х.Нямбаатар хотын дарга болоод ХЗДХЯ-ны Төрийн нарийн П.Сайнзоригийг Нэгдүгээр орлогчоор томилж, яамны багаа НЗДТГ-т татахаар болжээ

Х.Нямбаатар хотын дарга болоод ХЗДХЯ-ны Төрийн нарийн П.Сайнзоригийг Нэгдүгээр орлогчоор томилж, яамны багаа НЗДТГ-т татахаар болжээ

Ирэх долоо хоногийн Пүрэв гараг /2023.10.12/-ийн 12:00 цагт Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/ хуралдаж, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Х.Нямбаатарыг сонгох эсэхийг хэлэлцэх юм. 

Х.Нямбаатар нь Сонгинохайрхан дүүргийн иргэдийг төлөөлж парламентад сонгогдсон тул түүнийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөх асуудлыг ирэх долоо хоногт Байнгын хороо болоод нэгдсэн чуулганаар хэлэлцэх төлөвтэй байна. Учир нь Х.Нямбаатар Хотын дарга болохын тулд УИХ, Засгийн газрын гишүүний албан тушаалаасаа татгалзана гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан онцолсон. Харин ирэх долоо хоногт НИТХ-ын төлөөлөгчдөөс гаргасан Х.Нямбаатарыг хотын даргаар томилох эсэх саналыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд уламжлах бөгөөд тэрээр захирамж гаргаж хотын даргаар Х.Нямбаатарыг томилох юм.

Учир нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн, "58.5.2-д "Санал болгосон хүний талаар санал хураалт явуулж, хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлнэ" гэж заасан бол мөн хуулийн 58.6-д "Энэ зүйлийн 58.5-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг баг, хорооны Засаг даргаар сум, дүүргийн Засаг дарга, сум дүүргийн Засаг даргаар аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргаар Ерөнхий сайд тус тус томилно" гэж заажээ.

Тэгвэл Х.Нямбаатар нь Хотын даргаар томилогдсоныхоо дараа Улаанбаатар хотын нэгдүгээр орлогчоор өдгөө Хууль зүйн яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж буй П.Сайнзоригийг томилно гэх мэдээлэл байна. П.Сайнзоригийн хувьд Төрийн нарийн бичгийн даргын ажилд томилогдохоосоо өмнө тус яаманд газрын даргаар ажиллаж байсан энэ салбарт 10 гаруй жил ажиллаж буй мэргэжилтэн аж. Тэрбээр Үндсэн хуулийн өөрчлөлт болон бусад чухал хуулиудад Х.Нямбаатартай гар нийлж хамтран ажилласан бөгөөд орон нутгийн Тавантолгой ХК-д бүрэн эрхт төлөөлөгчөөр хүртэл давхар ажилласан. Одоохондоо Х.Нямбаатарт түүнээс өөр итгэлтэй хүн ойр үгүй аж.

Мөн Х.Нямбаатар хотын даргын албан тушаалд очоод Хууль зүйн яаманд өөрийнх нь удирдлагад ажиллаж байсан "багийн сайн хүмүүс"-ээ НЗДТГ-т татаж ажиллуулна гэх мэдээлэл ч байна. Сануулахад, ногоон автобусны асуудлаас болж Хотын даргаар ажиллаж байсан Д.Сумъяабазар албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгсөн билээ.




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө