Ч.Хүрэлбаатар: Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчлэлийг энэ онд хийхээр зорьж байна

Ч.Хүрэлбаатар: Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчлэлийг энэ онд хийхээр зорьж байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци энэ жилийн “Уул уурхайн 7 хоног” нэгдсэн арга хэмжээг хамтран зохион байгуулж байна.

Хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулагчдад Засгийн газрын бодлого, салбарын эрх зүйн орчны шинэчлэлийг хүргэх, шинэ төслүүдийг танилцуулах, тэрчлэн зах зээлийн чиг хандлага, хөрөнгө оруулалтын орчны талаар тандах, салбарын чөдөр тушаа болсон асуудлаа ний нуугүй хоорондоо ярилцах, хэлэлцэх, тал бүрээс нь уудлах, цаашдын хөгжлийг зураглах, гарц, шийдэл рүү зорих нь тус арга хэмжээний зорилго юм.

Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Хөрөнгө оруулалтын орчин, эрх зүйн шинэчлэл” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, “Монгол Улсын эдийн засаг тогтворжсон. Гадаад валютын нөөц 4 тэрбум ам.долларт хүрч, 48 хувиар өссөн. Нүүрсний экспорт энэ оны эцэст 52 сая тоннд хүрэх төлөв ажиглагдаж байгаа. Зэсийн экспорт 1.4 сая тоннд хүрэх хүлээлт байна.

Уул уурхайн салбарт биржийн тогтолцоог бүрдүүлсэн. Экспортын биет хэмжээ цар тахлын өмнөх түвшинд очсон төдийгүй тэр үеэс давсан үзүүлэлттэй байгаа. Нүүрсээ уурхайн ам нөхцөлөөр бус хил нөхцөлөөр борлуулж эхэлсэн. Цаашид уул уурхайн бүтээгдэхүүнээ хилийн үнээр борлуулна. Боловсруулалтын түвшинг нэг шат ахиулахаар зорьж байна. Тусгай зөвшөөрлийг цахимжуулна. Тээврийн салбарын либералчлал үргэлжилнэ. Биржийн тогтолцоог улам боловсронгуй болгоно. Хөрөнгө оруулагчдын өмнө тулгамдаж байгаа, учирч байгаа бэрхшээлийг шийдэхийн төлөө ажиллаж, Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэн батлуулахаар ажиллаж байна” хэмээн “Mining Week-2023” чуулга уулзалтын индрээс онцолжээ.

Уул уурхайн салбарт гарсан томоохон дэвшлүүдийн нэг нь Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль юм. Нүүрс, төмрийн хүдэр, жонш, зэс тэргүүтэй экспортын голлох бүтээгдэхүүнээ зах зээлийн ханшаар буюу биржээр арилжаалах эрх зүйн орчин бүрдсэн нь маш олон давуу талыг бий болгоод байна.

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль энэ оны зургаадугаар сарын 30-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн бөгөөд өдгөө 7.5 сая тонн нүүрс, 100 гаруй мянган тонн төмрийн баяжмал нээлттэй арилжаалаад байна. Ашигт малтмалыг нээлттэй борлуулах уул уурхайн биржийн тогтолцоо нь экспортын худалдаа ил тод, шударга, шилэн, дэлхийн зах зээлийн үнээр бүтээгдэхүүнээ арилжаалах боломжийг бүрдүүлж байна.

Засгийн газар “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд боомтуудыг нэмэгдүүлэх, хатуу хучилттай авто зам тавих, дэд бүтэц, логистикийг сайжруулах, төмөр замын сүлжээг өргөтгөх, уул уурхайн салбар олборлолтоос боловсруулалт руу шилжих, аж үйлдвэржилтийг эрчимжүүлэхэд ихээхэн анхаарч ажиллаж байгаа. Өнөөдрийн чуулга уулзалтаар Эрдэс баялгийн салбарын олон улс дахь өрсөлдөх чадвар, Хөрөнгө оруулалтын орчин, эрх зүйн шинэчлэл, Уул уурхайн гаралтай бүтээгдэхүүний тээвэр, Хариуцлагатай уул уурхай ба байгаль орчны талаар Засгийн газар болон хувийн хэвшлийн төлөөлөл илтгэл хэлэлцүүлж, “Салбар хоорондын уялдаа” сэдвээр нэгдсэн хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Монгол Улсад хөрөнгө оруулалт татах гол салбаруудад нь ашигт малтмалын хайгуул, уул уурхай, газрын тосны хайгуул, олборлолтын төслүүд хэвээр байна. Уул уурхайн салбараас гадна үйлчилгээний салбар тэр дундаа худалдаа үйлчилгээ, хөнгөн үйлдвэрлэл, банк санхүү болон тээврийн салбарт гадаадын шууд хөрөнгө оруулалт татаж байна.

Статистик үзүүлэлтээр, 1990-2022 оны хооронд манай улсад гадаадын 120 улсын 14,836 компани байгуулагдан нийт 39.7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн байдаг. Харин 2010-2011 оны хооронд уул уурхайн салбарын тэсрэлт, ялангуяа Оюутолгойн бүтээн байгуулалтаас шалтгаалсан гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом нэмэгдсэн билээ. Өнөөдрийн байдлаар гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах чиглэлээр манай улс 43 оронтой, давхар татварын гэрээг 26 улстай байгуулсан байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалж, харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлж, хариуцлагатай, хүртээмжтэй уул уурхайг хөгжүүлэх нь нэн чухал гэдгийг тодотгосон.