Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Франц Улсад төрийн айлчлал хийхээр өнөөдөр эх орноосоо мордож байна

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Франц Улсад төрийн айлчлал хийхээр өнөөдөр эх орноосоо мордож байна

Францын Ерөнхийлөгч Э.Макроны урилгаар Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 10-14-нд /2023.10-14/ тус улсад төрийн айлчлал хийх талаар бид өмнө нь мэдээлсэн. Учир нь өнгөрсөн тавдугаар сард /2023.05.20/ Францын Ерөнхийлөгч Э.Макрон манай улсад айлчилсан. Энэ үеэр манай Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өөрийн улсад айлчлахыг урьсны дагуу тэрбээр өнөөдөр /2023.10.10/ Франц улс руу мордож байгаа аж.

Ингэснээр манай улсаас Франц улсад айлчилж буй дөрөв дахь төрийн тэргүүн нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болж байна. Өмнө нь Ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар өмнө нь Франц улсад айлчилж байжээ.

Түүнчлэн манай хоёр улсын хооронд айлчлал голдуу нэг талын урсгалтай байсныг Э.Макроны өнгөрсөн тавдугаар сард хийсэн айлчлалаар хоёр талтай болгосон юм. Айлчлал хоёр талаасаа урсгалтай байснаар цаашид харилцаа, хамтын ажиллагаа гүнзгийрэн хөгжих, түншлэлийн түвшинд хүрэх бололцоотой болдог. Энэ утгаараа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Франц Улсад хийх айлчлал өндөр ач холбогдолтой.

Э.Макроны айлчлалын үеэр хоёр улсын Ерөнхийлөгч харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулж, Стратегийн түншлэлд хүргэх, эдийн засаг, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрийг харилцан ашигтай хамтран хэрэгжүүлэх болон олон улсын харилцаанд тулгамдсан нийтлэг зарим асуудлаар ярилцсан. Тэгэхээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Францад хийх айлчлалаар дээрх асуудлуудыг үргэлжлүүлэн ярилцаж ажил хэрэг болгоход анхаарах болов уу гэсэн хүлээлт байгаа юм.