Isee.mn мэдээллийн сайтын сурвалжлах баг Бүгд Найрамдах Франц Улсаас мэдээлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийхээр 2023 оны аравдугаар сарын 10-ны өдөр Парис хотноо хүрэлцэн ирлээ.
ВИДЕО:
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Парис хотын “Орли” олон улсын нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Франц Улсын Эрчим хүчний шилжилтийн сайд Аньес Панье-Рунашье, Монгол Улсаас Бүгд Найрамдах Франц Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У.Нямхүү, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Себастиен Сүрүн болон бусад албаны хүн угтан авав. Уг айлчлал нь хоёр улсын Онцгой эрхт түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, соёл, уул уурхай, зам тээвэр, эрчим хүч зэрэг олон салбарт өргөжүүлэн бататгах, холбогдох баримт бичгийг байгуулах зорилготой юм.
Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Парис хотын Засаг дарга Анн Идалго бараалхана. Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Францын Сенатын ордон, НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагад зочлох юм.
Энэ удаагийн айлчлалын үеэр Монгол-Францын 200 гаруй бизнесийн төлөөлөл оролцсон “Бизнес форум” болох бөгөөд Морин хуурын чуулга Версалийн хааны ордонд хүндэтгэлийн тоглолтоо хийнэ. Цаашлаад Францын Нант хотод “Чингис хаан-Монголчууд дэлхийг өөрчилсөн нь” үзэсгэлэнг дэлгэх юм. Тус үзэсгэлэнд Чингис хаантай холбоотой 555 үзвэр тавигдаж буй бөгөөд дөрвөн зууг нь Монголын музейгээс болон хувь хүний цуглуулгаас бүрдүүлжээ. Маргааш Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Франц Улсын Ерөнхийлөгч Э.Макрон нар албан ёсны хэлэлцээ хийж, баримт бичигт гарын үсэг зурах юм. Мэдээллийг бид хүргэлжлүүлэн хүргэнэ.