Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хүний амь нас хохироовол бүх насаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасна

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, хүний амь нас хохироовол бүх насаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасна

Хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг буюу тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодох зөрчлийг гэмт хэрэгт оруулахыг Засгийн газрын хуралдаанаас дэмжсэн байна.

Энэ талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр дараах мэдээллийг өглөө. Засгийн газраас согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол дараах дөрвөн ялын сонголттойгоор  гэмт хэрэгт тооцох саналыг боловсруулсан байна. 

  • Тээврийн хэрэслийг жолоодох эрхийг 1-3 жил хүртэл хугацаагаар жолоодох эрхийг хасаж 450,000-2,700,000 төгрөгөөр торгох эсхүл
  • 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх эсхүл
  • Зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсхүл
  • Зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэх аж. 

Түүнчлэн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож ял шийтгэгдсэн этгээд дахин энэ зөрчлөө гаргавал тус үйлдлийг хүндрүүлэх бүрэлдэхүүнд тооцохоор хуульд тусгажээ.  Ингэснээр хорих ялын хэмжээ болон торгууль, зорчих эрхийг хязгаарлах нь хоёр жил хүртэл хугацаагаар нэмэгдэж хүндэрнэ. Мөн согтуурсан, мансуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол 3-5 жил, хүнд хохирол учруулсан бол 5-8 жил, хүний амь нас хохироосон бол бүх насаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг хасах аж. 

Түүнчлэн хуулийн төсөлд жолооч торгуулиа хугацаанд нь төлсөн тохиолдолд 50 хувиар хөнгөлөхөөр тусгажээ.

Тодруулбал, торгуулиа нэг жилийн хугацаанд төлөхгүй бол итгэлцүүлээр тухайн торгуулийн 50 хүртэл хувиар нэмэгдэх аж. Ингээд ч төлөхгүй бол дараах долоон хязгаарлалтыг хийх юм байна. 

  • Тээврийн хэрэгслийн техникийн үзлэг, оношилгоонд оруулахыг 
  • Тээврийн хэрэгслийн эзэмшлийн шилжилт хөдөлгөөн хийхийг
  • Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх олгох, сунгах, ангилал нэмэх, өөрчлөхийг
  • Тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл олгох, сунгахыг 
  • Тендер шалгаруулалтад оролцохыг 
  • Төрийн жинхэнэ албаны шалгалт өгөхийг 
  • Үндэсний гадаад паспорт олгохыг хязгаарлах юм байна. 



Өнөөдөр морь өдөр

1 хоногийн өмнө