Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын Ерөнхийлөгч Жерар Ларше бараалхжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын Ерөнхийлөгч Жерар Ларше бараалхжээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна.

Төрийн айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Франц Улсын Сенатын танхимын Ерөнхийлөгч Жерар Ларше 10 дугаар сарын 11-ний өдөр бараалхжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол, Францын харилцаа хоёр талын хүч чармайлтын дүнд өргөжин хөгжиж байгаад сэтгэл хангалуун буйгаа илэрхийллээ.

Мөн хоёр талын харилцааг цаашид эдийн засаг, хөрөнгө оруулалтын бодит агуулгаар баяжуулан өргөжүүлж, стратегийн түншлэлд хүргэх хоёр талын нийтлэг зорилтыг биелүүлэхэд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэх талаар талууд дэлгэрэнгүй санал солилцжээ.

Сенатын танхимын Ерөнхийлөгч Жерар Ларше Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Франц Улсад хийж буй төрийн айлчлалд амжилт хүссэн байна.

Түүнчлэн хоёр улсын Парламент дахь найрамдлын бүлгийн хамтын ажиллагаанд төдийгүй Монгол, Францын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх бүхий л үйлсэд дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлсэн бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сенатын танхимын Хүндэт зочны дэвтэрт гарын үсэг зурж, дурсгалын үг үлдээжээ.