У.Хүрэлсүх: Монгол Францын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өнөөдрийн бизнес форум чухал ач холбогдолтой

У.Хүрэлсүх: Монгол Францын эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд өнөөдрийн бизнес форум чухал ач холбогдолтой

Бүгд Найрамдах Франц Улсад төрийн айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол-Францын бизнес форумд үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх:

Монгол, Францын бизнес зөвлөлийн дарга ноён Клод Имовен,

Эрхэм хүндэт бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид ээ,

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,

Эрхэмсэг хатагтай, ноёд оо,

Монгол-Франц хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх зорилготой өнөөдрийн бизнесийн форумд хүрэлцэн ирсэн Монгол, Францын бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид Та бүхэнд энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Энэ ташрамд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Франц Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд энэ удаагийн бизнес форумыг хамтран зохион байгуулж буй хоёр орны төр, засгийн байгууллагууд, Монгол, Францын худалдааны танхимууд болон өнөөдрийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хоёр орны бизнесийн төлөөлөл, хамтрагч, дэмжигч байгууллагууд Та бүхэнд гүн талархал илэрхийлье.

Манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа олон зуун жилийн түүхтэй бөгөөд 1965 онд дипломат харилцаа тогтоосноос хойш 58 жилийг туулжээ.

Энэхүү түүхэн хугацаанд манай хоёр орон улс төр, худалдаа, эдийн засаг, соёл, боловсрол зэрэг бүхий л салбарт харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж ирснийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.

Өнөөдрийн байдлаар Францын нийт 66 компани манай улсад бүртгэлтэй байгаа бөгөөд тэдний хөрөнгө оруулалтын 80 орчим хувь нь уул уурхайн салбарт хөрөнгө оруулсан байна.

Цаашид хоёр орны эдийн засгийн харилцан ашигтай, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд өнөөдрийн энэ бизнес форум чухал ач холбогдолтой гэж үзэж байна" гэжээ.