LIVE: НИТХ-ын төлөөлөгчдийн 78 хувийн саналаар Х.Нямбаатарыг Хотын дарга болгохыг дэмжив

LIVE: НИТХ-ын төлөөлөгчдийн 78 хувийн саналаар Х.Нямбаатарыг Хотын дарга болгохыг дэмжив

НИТХ-ын ээлжит бус XV хуралдаан өнөөдөр /2023.10.12/ болж, хотын даргын томилгоог хэлэлцсэн юм. Хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 78.57 хувь нь Х.Нямбаатарыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонгохыг дэмжсэн бөгөөд санал хураалтын дараа Х.Нямбаатар үг хэллээ.

Тэрбээр, “НИТХ-аас надад итгэл хүлээлгэн нэр дэвшүүлж байгааг өндөр хариуцлага хэмээн хүлээж авч байна. Монгол Улсын нутаг дэвсгэрийн 0.3 хувийг эзэлж, хүн амын тал хувь буюу 1.7 сая хүн амьдарч буй нийслэл Улаанбаатар хотод хууль эрхзүй, нийгэм, эдийн засгийн шийдлээ хүлээсэн олон тулгамдсан асуудал хуримтлагдсан байна. Уг асуудлууд өнөөдөр гэнэт үүсээгүй.

1992 оноос хойших нийгмийн шилжилтийн үр дүнд хот, хөдөөгийн хөгжлийн ялгаа эрс нэмэгдэж, өмч хувьчлалын зарим алдаатай шийдвэрээс орон нутагт ажлын байр байхгүй болж, эмнэлэг, сургуулийн чанар, хүртээмж зэргээс шалтгаалж хөдөөгөөс хот руу шилжих хөдөлгөөн, газрын наймаа, авлига хийгээд нийслэлийн удирдлага, менежментийн алдаа завхралуудын үр дагавар асуудал хуримтлагдаж үүссэн. Үе үеийн Засгийн газар, нийслэл хотын удирдлагууд энэ бүх асуудлыг зүгээр харж суугаагүй.

Засгийн газраас нийслэлийн тулгамдсан асуудлуудыг шийдэх хүрээнд 27 жилийн дараа Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж, батлуулсан. Цаашид нийслэлийн эрхзүйн байдал түүнийг дагасан олон хууль тогтоомжуудыг шийдэмгий шинэчлэх шаардлага бидний өмнө хүлээгдэж байна.

Нийслэл хотын иргэдийн аятай тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэхэд Засгийн газраас онцгой анхаарал хандуулж, бүхий л боломж нөхцөл, нөөцөө шахаж ажиллах зорилгоор улс төрийн шийдвэр гаргаж, миний биеийг нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлсэн.

Цаашид ажил хариуцсан хүмүүсийн хариуцлага, ашиг сонирхлын зөрчил, авлигын шинжтэй үйлдэл нь иргэд, олон нийтийн бухимдуулж, газрын наймаа, хууль бус газар олголт, хот төлөвлөлтийн алдаа завхралыг таслан зогсооход Засгийн газар өмнөхөөсөө ч илүү анхаарал хандуулах шаардлагатай хэмээн энэхүү шийдвэрийг гаргасан.

Миний бие сонгуулийн мөчлөг харсан бус нийслэлийн ирээдүйн хөгжлийг харсан суурь шинэчлэлийг эхлүүлэх шийдвэр, шийдлийг гаргаж, ажиллахыг эрмэлзэж байна. Зарим шийдвэр нь өнөөдөр давс мэт шорвог байх төдийгүй улс төрийн олз хайсан зарим этгээдийн ашиг сонирхлыг хөндөх нь гарцаагүй. Алсдаа нийслэлийн тогтвортой хөгжлийн шинэ эхлэл болохыг цаг хугацаа харуулна гэдэгт итгэлтэй байна. Энэ амаргүй цаг үед хүндхэн зоримог шийдвэрүүдийг гаргаж байж авлигагүй Улаанбаатарын шинэ сэргэлтийг эрчимжүүлж, нийслэлийн хөгжлийг шинэ шатанд гаргаж чадна. Нийслэлийн бүх шатанд ажиллаж буй алба хаагчид Улаанбаатар хотын шинэ сэргэлтийн төлөө хандлагаа өөрчилж, идэвх зүтгэлтэй ажиллана гэдэгт итгэж байна" гэлээ.

ҮЗЭХ:




Өнөөдөр хонь өдөр

37 минутын өмнө