Э.Бат-Үүл “чөлөөндөө гарч”, Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшигч 50 сая, Аймаг, Дүүрэгт нэр дэвшигч 15-30 саяын дэнчин тушаахаар болжээ

Э.Бат-Үүл “чөлөөндөө гарч”, Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшигч 50 сая, Аймаг, Дүүрэгт нэр дэвшигч 15-30 саяын дэнчин тушаахаар болжээ

Сүүлийн өдрүүдэд улс төрд өрнөл ихтэй долоо хоног болж өндөрлөж байна. Тухайлбал, Хууль зүйн сайд, Түгжрэлийн сайд, Хотын дарга, Хууль зүйн байнгын хорооны дарга шинээр томилогдож, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Франц улсад айлчилж байна.

Э.БАТ-ҮҮЛ “ЧӨЛӨӨНДӨӨ ГАРСАН” ГЭДГЭЭ ЗАРЛАЖЭЭ-

Ирэх өдрүүдэд аймаг, нийслэл, сум, дүүргийн АН-ын хорооны дарга нар тодрох аж. Хачирхалтай нь нэгэнт дээрээ суудлаа олж 15 дэд дарга, 1 тэргүүн дэд даргатай болоод байгаа Л.Гантөмөр намынхаа дунд шатны дарга нарыг тодруулах сонгуульд нээх их ач холбогдол өгөхгүй, “өөрсдөө мэд” гээд орхиод байгаад зарим гишүүд нь бухимдалтай байгаа аж. Харин тус намын “хоёр дахь том дарга” гэж болох Нийслэлийн АН-ын хорооны дарга Э.Бат-Үүл “чөлөөндөө гарсан” гэдгээ саяхан мэдэгдлээ.

Түүнийг гүйцэх хотын дарга байхгүй гэдгийг МАН, АН гээд бараг бүх намууд хүлээн зөвшөөрч байгаа ч, тэрээр “чөлөөндөө гарсан” гээд зарласан нь АН-д том нүх гарлаа гэж дүгнэх нэгэн ч байна.

Тэгвэл энэ долоо хоногт АН-ын Дотоод сонгуулийн хорооноос, аймаг, нийслэл, сум, дүүргийн АН-ын дарга өрсөлдөх хүмүүсийн дэнчин, хураамжийн хэмжээг тогтоожээ.

Тодруулбал, Нийслэлийн АН-ын даргад нэр дэвшигч 50 сая төгрөг, Аймгийн АН-ын даргад нэр дэвшигч 15 сая төгрөг, Дүүргийн АН-ын даргад нэр дэвшигч 30 сая төгрөг бол Багануур, Багахангай, Налайх дүүргийн АН-ын даргад нэр дэвшигч тус бүр 10 сая төгрөгийг аймаг, дүүргийнхээ намын дансанд төвлөрүүлэх ажээ. Харин нэр дэвшигч сонгуульдаа ялагдсан тохиолдолд тушаасан дэнчинг буцаан олгох ажээ.  Харин ялалт байгуулсан нэр дэвшигчийн дэнчинг намдаа өгсөн татвар гээд буцааж өгөхгүй аж.

АН-ын аймаг, нийслэл, сум, дүүргийн даргад нэр дэвшигчдийн тушаах дэнчинг тогтоосон тогтоол

-А.ЦЭРЭНБАТААС БУСАД НЬ БҮГД ДЭЭРЭЭСЭЭ ДЭМЖЛЭГТЭЙ, АХ НАРЫНХАА ТАТААСТАЙ НИЙСЛЭЛИЙН АН-ЫН ДАРГАД ӨРСӨЛДӨНӨ-

Харин Э.Бат-Үүлийн оронд нийслэлийн АН-ын даргад өрсөлдөхөөр Ерөнхийлөгч асан Х.Баттулга НИТХ-ын төлөөлөгч Т.Батцогтыг, АН-ын дарга Л.Гантөмөр өөрийн найз Сүхбаатар дүүргийн засаг дарга асан Д.Бадарсныгаа зүтгүүлнэ гэж байгаа бол, тус намын 1970 оны залуучуудын нэгдэл болох "Од" фракцаас НИТХ-ын төлөөлөгч М.Тулгатыг, Үндэсний жигүүр хөдөлгөөн фракцаас А.Цэрэнбатыг дэвшүүлж байгаа ажээ. Товчхондоо, нийслэлийн АН-ын даргад нэр дэвшигчдээс Т.Батцогт, Д.Бадарсан, М.Тулгат нар араасаа “ах нар”-ынхаа дэмжлэгтэй оролцож байгаа бол, Үндэсний жигүүр хөдөлгөөний А.Цэрэнбат дээрээсээ татах “ахын татаас, дэмжлэггүй” ганцаараа өрсөлдөх нэр дэвшигч болоод байгаа ажээ.

Өрсөлдөөнд ороод ялагдсан тохиолдол тушаасан дэнчингээ буцааж авна гэжээ