ТОМИЛОЛТ: "Ураны салбарыг эргэлтэд оруулснаар ойрын 10-15 жилийн хугацаанд цөмийн эрчим хүчийг бодитоор бий болгох боломжтой"

ТОМИЛОЛТ: "Ураны салбарыг эргэлтэд оруулснаар ойрын 10-15 жилийн хугацаанд цөмийн эрчим хүчийг бодитоор бий болгох боломжтой"

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх энэ сарын 10-14-ны хооронд Франц Улсад айлчилж байна. Айлчлалын хүрээнд Францын төрийн өмчит “Орано” групп Монгол Улстай тэрбум еврогийн уран олборлох гэрээ байгуулж, албан ёсоор гарын үсэг зурсан юм. 

Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангаас энэхүү Ураны гэрээний талаар тодрууллаа. Тэрбээр, "Монгол Улсад 26 жилийн турш хайгуулын үйл ажиллагаа явуулсан Францын төрийн өмчит  Орано групптэй Монгол Улсын төрийн өмчит “Эрдэнэс Монгол” нэгдэл ажлын хэсгийн протколд өнөөдөр гарын үсэг зурлаа. Францын Ерөнхийлөгч Э.Макроны Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын хүрээнд  ураны салбарт хамтран ажиллах санал санаачлагыг хоёр тал гаргасан байдаг. Энэ цагаас хойш буюу сүүлийн зургаан сарын хугацаанд энэхүү хэлэлцээр өрнөсөн.

Хэлэлцээрийн гол зорилго нь гуравдагч хөршийн хөрөнгө оруулалтыг хэрхэн татах вэ, тогтвортой ажиллах нөхцлийг хэрхэн бүрдүүлэх вэ гэдэгт оршино. Энэ чиглэлд ч төвлөрч ярилцсан.

Монгол Улсын хувьд гуравдагч хөршийн томоохон хөрөнгө оруулалтыг Оюутолгой гэж хардаг. Оюутолгойн ордын 34 хувийг бид эзэмших байдлаар хамтын ажиллагааг эхлүүлсэн. 34 хувийг эзэмшсэнээрээ Монголын тал хөрөнгө оруулалт оруулах, хамтарсан хариуцлага хүлээх нөхцлүүд бий болж мөн төсөв санхүү, ашиг хүртэх байдал дутагдалтай байдаг гэх шүүмжлэл бий. Харин энэ удаагийн хэлэлцээрийн гол утга учир нь аливаа төрлөөр хөрөнгө оруулах үүргийг бид хүлээхгүй. Бодит ашгийг илүү бодитой хүртэх нөхцлийг хангах үүднээс ажлын хэсэг ажилласан. Үүнийг тохиролцсон хэмжээндээ протколдож Засгийн газраас дамжуулан УИХ-д өргөн барих нөхцлөө хангаж байгаа юм. Энэ төслийн үнэ цэнийг өнөөдрийн өртөгөөр тооцоход 12 тэрбум долларынх. Энэ төслөөс Монгол Улс 30 жилийн хугацаанд нийт дүнгээрээ 3.2 орчим долларын орлогыг татвар, АМНАТ, ногдол ашиг хэлбэрээр хүртэхээр байгаа нь өндөр ач холбогдолтой. Франц Улс ТЭЗҮ-г боловсруулсан. Үүнээс 4.5 цэвэр ашигтай байна гэсэн тооцоолол бий. Энэ үнийн дүнгээс 1.6 орчим тэрбум долларыг Монгол Улс АМНАТ хэлбэрээр авч буй нь нийт төслийн ашгийн 25 орчим хувийг баталгаатай авах нь гэж ойлгож болно. Төсөл ашиглалтад орох хугацаа гурван жилээр хэмжигдэж байгаа. Ашиглалтад орсон жилээс эхлээд жил бүр татвар болон АМНАТ хэлбэрээр 100 орчим сая долларыг тогтмол авах нөхцөл бүрдэж байгаа.

- ФРАНЦТАЙ УРАНЫ САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ ЯРИА ХЭЛЭЛЦЭЭР АМАР НӨХЦӨЛД БОЛООГҮЙ - 

Бизнес гэдэг утгаараа үр өгөөж нь харилцан ямар байх вэ гэдэгт ихээхэн анхаарсан. Монгол Улсын Засгийн газраас байгуулагдсан ажлын Үндсэн хуулийн 6.2 дэхь заалтаа өгөөжийн 50+1 хувь нь Монголын талд байх ёстой гэсэн зарчмыг баримтлан ажилласан. Францын тал Монгол Улсын Үндсэн хуульд хүндэтгэлтэй хандаж бидний тавьсан саналд тодорхой хэмжээнд буулт хийсэн. Өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээлд нэг кг уран 147 доллар байна. Энэ цаг үед бид АМНАТ-ыг 12 хувь тооцож авахаар тохиролцсон. Ойрын жилүүдэд ураны үнэ огцом өснө гэсэн төсөөлөл бий. Тэгэхээр үнийн өсөлт Монголд бодитой орж байна. Гагцхүү бид энэхүү төслийг хэрэгжүүлэх, тогтвортой байдлаар ажиллахад нь анхаарлаа хандуулж ажиллах ёстой.

Уран гэхээр манай ард түмэн хоёрдмол ойлголтыг авдаг. Аюултай, хортой гэдэг ойлголттой. Орчин үеийн дэвшилтэд технологиуд энэ салбарт нэвтэрснээрээ аюул, эрсдэл эрс багассан.

Францын Засгийн газар нь шинэ технологиор уран олборлож чаддаг . Ураны салбарт хамтран ажиллах саналыг ганц Франц бус ОХУ, БНХАУ ярьж байна. Гэхдээ бодитой эрэл хайгуулж хийж ирсэн Франц Улстай хамтран ажиллахыг илүү зүйтэй гэж үзсэн байгаа. Ураны салбар эргэлтэд орсноороо цаашид цөмийн эрчим хүчний эх үүсвэрийг бий болгох үндсэн дээр хамтын ажиллагааны яриа хэлэлцээр хийгдэж буй талаар Ерөнхийлөгч нарын хэлэлцээрт дурдагдсан. Ойрын 10-15 жилийн хугацаанд цөмийн эрчим хүчийг бодитоор бий болгох боломж байгаа. Франц Улстай энэ том хэмжээний яриа хэлэлцээг хийсний үр дүнд  эрчим хүч, хөдөө аж, ахуй, эрүүл мэндийн салбарт бодитой хамтын ажиллагааг эхлүүлэх боломж нээгдэж байна" гэлээ.

ҮЗЭХ: