Сэтгүүлчдийн шаардлагыг хүлээн авч 21.9 дэхь заалтыг Эрүүгийн хуулиас хасч байна гэж МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдэгдлээ

Сэтгүүлчдийн шаардлагыг хүлээн авч 21.9 дэхь заалтыг Эрүүгийн хуулиас хасч байна гэж МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдэгдлээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн /2023.10.16/ хуралдаанаар Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаярын өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд тус хуулийн 21.9 дэх заалтыг хасах нь зүйтэй гэж үзжээ.

Энэ талаар тус бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Бага насны хүүхэд болон гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах чиглэлээр хуулийн төслийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр өргөн барьсан. Энэ хүрээндээ мөрдөн байцаалтын нууцыг задруулсан тохиолдолд ялын бодлогын чангатгахаар байгаа. Үүнийг сэтгүүлчид эсэргүүцэж мэдээлэл олж авах эрхийг боомилж байна гэсэн байр, суурийг илэрхийлсэн. Энэ хуулийн төслийн талаар Б.Энхбаяр сайдын мэдээллийг бүлгийн хуралд сонссон. Мөн уг асуудлаар намын дарга албан ёсоор байр сууриа илэрхийлсэн. Ингээд 21.9 дэхь заалтыг хасах эсэхээр бүлгийн гишүүдийн дунд санал асуулга явуулахад олонх нь дэмжсэн” гэлээ. 

Эрүүгийн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг яаралтай горимоор хэлэлцэж буй учир лхагва гарагт ээлжит бус чуулганы хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэхээр тогтжээ. 

Үргэлжлүүлэн УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ-ын намрын чуулган нь хүний эрх тэр дундаа хүүхдийн эрх, гэр бүлийг хамгаалах чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгоход анхаарч ажиллана. Энэ чиглэлийн хуулийн төслүүдийг боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарыг томилсон. Хоёр дахь нь хот хөдөөгийн тэнцвэртэй байдлыг хангах чиглэлээр эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ажиллана. Ажлын хэсгийг Д.Тогтохсүрэн миний бие ахалж ажиллана. Хувийн хэвшлийг дэмжих хүрээнд Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг боловсруулахаар болж, ажлын хэсгийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан ахлахаар болсон" гэсэн юм.

ҮЗЭХ: