УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан өнөөдөр (2023.10.16) ОХУ-ын элчин сайд А.Н.Евсиковыг хүлээн авч уулзжээ.
Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан хоёр улсын өндөр, дээд түвшний харилцан айлчлалуудын давтамж хадгалагдаж, Монгол, Оросын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа бүхий л салбарт эрчимжиж байгааг дурдаад, цаашид худалдаа, эдийн засгийн харилцаагаа эрчимжүүлж шинэ шатанд гаргах, хоёр орны бүс нутгийн болоод соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, байгаль орчны доройтлыг бууруулах, нөхөн сэргээх, ажлыг эрчимжүүлэх, гадаад худалдааг өргөжүүлэх зэрэг асуудлаар санал солилцжээ.
Уулзалтын үеэр байгаль орчныг хамгаалах, хоёр орны худалдааны эргэлтийг сайжруулж, хөнгөн үйлдвэр болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, мах, махан бүтээгдэхүүн, ноос, ноолуур, арьс шир, арьсан бүтээгдэхүүний экспортын тоо хэмжээг нэмэгдүүлэх, хамтарсан үйлдвэр байгуулах зэргээр хамтын ажиллагааны цар хүрээг бүс нутгийн хэмжээнд болон хоёр улсын холбогдох байгууллагуудын хүрээнд асуудлыг шийдвэрлэх гарц байна гэдэгтээ талууд санал нэгдэж байлаа.
Улсын Их Хурал дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дэд даргын урилгаар ОХУ-ын Хабаровскийн хязгаарын Амбан захирагч Михаил Владимирович Дегтяревын энэ оны 12 дугаар сард манай улсад хийх албан айлчлалын үеэр бүс нутгийн соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эдийн засаг, бизнесийн танилцах уулзалт зэргийг зохион байгуулахаар бэлтгэл ажил хийгдэж байгаа талаар Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан яриандаа дурдав хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.