Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүс ба Зам” уулзалтад оролцохоор БНХАУ-ыг зорьсон ба ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Бүс ба Зам” уулзалтад оролцохоор БНХАУ-ыг зорьсон ба ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтай уулзана

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д болж буй “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцохоор өнөөдөр /2023.10.17/ эх орноосоо морлоо. Энэхүү дээд хэмжээний уулзалт энэ сарын 17-20-ны өдрүүдэд Бээжин хотноо болох ба Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-ын дарга Ши Жиньпиний урилгаар оролцож байгаа юм. 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг дагалдан ЕТГ-ын дарга Я.Содбаатар, Шадар сайд Ч.Хүрэлбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, Түгжрэлийн сайд Б.Дэлгэрсайхан, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Б.Тулга, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр нарын албаны хүмүүс явж байна.

БНХАУ-д болж буй “Бүс ба Зам” олон улсын уулзалтад ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин оролцож байгаа юм. Тэгвэл өнөөдөр /2023.10.17/ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтай уулзах аж. Тус уулзалтад Оросын Гадаад хэргийн сайд С.В.Лавров, Засгийг орлогч дарга А.В.Новак, Газпром НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллер, НК Роснефть НХН-ийн Ерөнхий захирал И.И.Сечин нар оролцох аж. Харин манай талаас Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, элчин сайд Ө.Энхтүвшин, ЕТГ-ын дарга Я.Содбаатар, Шадар сайд Ч.Хүрэлбаатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн нар оролцох ажээ.

ЖИЧ: Isee.mn сайтын сурвалжлах баг БНХАУ-ын нийслэл Бээжин хотоос “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтыг сурвалжлан хүргэх болно.