"Д.Эрдэнэбилэгийг хилээр орж ирсэн даруйд нь баривчилна" гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдлээ

"Д.Эрдэнэбилэгийг хилээр орж ирсэн даруйд нь баривчилна" гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдлээ

Засгийн газрын өнөөдрийн /2023.10.18/ хуралдаанаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэд хэдэн үүрэг чиглэл өгсөн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан танилцууллаа.

Тэрбээр, "Засгийн газрын нэхэмжлэлтэй, олон нийтийн бухимдал үүсгэсэн томоохон хэргүүд шүүхийн шатанд очоод буцдаг, гацдаг асуудал үүсч байна. Энэ нь хэдэн жилээр үргэлжилж байгаа нөхцөл байдалд ЗГХЭГ анхаарах ёстой гэсэн үүрэг өгсөн. ЗГХЭГ нь Засгийн газрыг төлөөлж шүүхэд итгэмжлэл авдаг. Өнөөдөр Засгийн газрын хуралдаан дээр Эрдэнэтийн 49 хувийн хувьчлал, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хувьчлал, Цемент Шохойн үйлдвэрийн хувьчлалын асуудлаар мэдээлэл хийсэн. 

Анх 2017 онд тус асуудлаар маргаан үүсч, төр иргэний хооронд маргаан үүссэн байдаг. Үүний дараа 2022 онд хэргийг прокурорт шилжүүлсэн.

2023 оны хоёрдугаар сард тус хэргийн гол оролцогч болох Д.Эрдэнэбилэгийг хилээр гарах хоригийг цуцалсан байдаг. Гэвч өнөөдрийг хүртэл буцаж ирээгүй байна. Үүнтэй холбоотойгоор биднийг төлөөлж ажиллаж байгаа өмгөөллийн багтай хамтран шүүх, прокурорт удаа дараа асуудал тавьсны үндсэн дээр Д.Эрдэнэбилэгийг хилээр орж ирсэн даруйд нь баривчлах шийдвэрийг анхан шатны шүүхээс гаргасан. Мөн 22 оролцогчтой уг хэргийг хоёр тусгаарлах шийдвэрийг прокурорын байгууллагаас гаргаж, шүүхэд хандсан. Монгол Улсад ирэхгүй байгаа этгээдийн хэргийг тусгаарлаад үлдсэн 21 хүнд холбоотой хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх хэргийг хүлээн авсан" гэлээ. 

ҮЗЭХ: