СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нийгмийг цочирдуулсан хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн дараа хүчиндэх гэмт хэрэг 78,9 хувиар огцом өсжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нийгмийг цочирдуулсан хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргийн дараа хүчиндэх гэмт хэрэг 78,9 хувиар огцом өсжээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.18/ хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг яаралтай горимоор хэлэлцэж байна. Чуулганы эхэнд хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцуулж, байнгын хорооны дүгнэлтийг танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт авч байна. Тодруулбал, энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Эрүүгийн хуульд ялын бодлогыг чангатгах чиглэлд гурван зүйлд нэмэл хийх гэж байгаа юм байна. 

Тодруулбал, хүүхдийн хүчирхийлэл, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочийн асуудлаар, Гуравдугаарт, мөрдөн байцаах нууцтай холбоотой гурван багц асуудлаар нэмэлт оруулах гэж байна. Зарчмын хувьд дэмжихээс өөр аргагүй нөхцөл байдал харагдаж байна. Гэхдээ энэ хуулийг дэмжихийн тулд тодорхой үндэслэлүүд хэрэгтэй. Монгол Улс ялын бодлого хэр чанга, султай орон бэ. Ялын бодлогыг чангатгахаар гэмт хэрэг буурдаг гэх судалгаа, статистик бий юу. Яг ямар хамааралтай вэ.  Нэг асуудал, нийгмийн асуудал үүсэхээр шууд л ялын бодлогыг нь чангаруулдаг. Ингэж явсаар эрүүдсэн орон болох вий дээ. Бид ялын хатуу бодлоготой болчих вий. Мөн цээрлүүлэх замаар урьдчилан сэргийлэхээс өөрөөр ямар заалтууд хуулиудад орсон бэ. Гэмт хэрэг гарсан хойно нь ялын бодлого чангатгахаас илүү урьдчилан сэргийлэх чиглэлээр бодлого оруулж ирж байна вэ. Энэ чиглэлд Хууль зүй,дотоод хэргийн яам юу хийх вэ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр: Сэтгэл хөөрлөөр Эрүүгийн хуулийн ял шийтгэлд хандаж болохгүй гэдэгтэй санал нэг байна. Энэ удаад сошиал давалгаа, шуугианаар энэ удаагийн өөрчлөлтийг хийгээгүй. Хуучин эрүүгийн хуулиар ял шийтгэлийн бодлого чанга байсан. Бага насны хүүхдийг хүчирхийлэх, амь насыг нь хохироовол дунджаар 22 жилийн хорих ял оноодог байсан. Харин 2015-2023 оны хооронд манай ялын бодлого буурч, 10-15 жил болж буурсан байна. Бага насны хүүхдийг хүчирхийлэх үйлдлийн 20 гаруй хувь нь дахин давтагддаг гэсэн судалгаа бий.  Саяны болж өнгөрсөн асуудлын дараа нийгмээрээ хохирч, шуугихад хүчиндэх гэмт хэрэг 78,9 хувиар огцом өссөн. Бага насны хүүхдийн эсрэг гэмт хэргийн үйлдэл бол реалити шоу бол биш.  Энэ талаар дугарахгүй, мэдээлэхгүй байх нь зөв. Бага насны хүүхэд хүчирхийлсэн этгээд ялаа эдлээд гарвал 10 жил цахим гав зүүж, зураг мэдээллийг нь олон нийтэд ил мэдээлдэг болно. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг тэргүүн эгнээнд тавьж ажиллана."