Д.Тогтохсүрэн: Эрүүгийн хуульд эцэг, эхийн хариуцлагыг хэрхэн тусгасан бэ

Д.Тогтохсүрэн: Эрүүгийн хуульд эцэг, эхийн хариуцлагыг хэрхэн тусгасан бэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.18/ хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг яаралтай горимоор хэлэлцэж байна. Чуулганы эхэнд хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцуулж, байнгын хорооны дүгнэлтийг танилцуулла. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ. Тодруулбал, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэгт оногдуулах шийтгэлийг чангатгах нь зөв. Бага насны хүүхдийн эсрэг гэмт хэрэг гарах гурван үндсэн шалтгаан бий. Гэр бүл салалт, архидалт, хүүхэддээ тавих анхаарал халамж сул. Бид өөр юмнаас үндсэн зүйлээ хайдаг. Нийт гэмт хэргийн 70 хувь гэр бүлийн орчинд үйлдэгддэг. Тиймээс Эрүүгийн хуульд эцэг, эхийн хариуцлагын тухай асуудлыг яаж тусгасан бэ. Мөн бага насны хүүхдийн насны босгыг 14-өөс 16 болгож байгаа. Гэтэл нийгмийн байдал өөр байна. Үүнийг хэр судалсан бэ. Энэ хоёрын ялгаа юу вэ. Өсвөр насны хүүхдүүдийг гэмт хэрэгтэн болгох вий дээ" гэлээ.  

Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр: -Эрүүгийн хуулийн 16 дугаар бүлэгт хүүхдээ асран хамгаалах үүргээ үл биелүүлсэн хариуцлага хүлээлгэх заалт хэрэгжиж байгаа. Энэ үүргээ үл биелүүлснээс болоод хүүхдэд хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирол учирсан бол дээд тал нь 2-8 жил хүртэл хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай. Бага насны хүүхдийн 14 насыг 16 нас болгосноор үр дүнд хүрэх эсэхэд, АНУ болон Европын холбооны улсуудыг судалж үзсэн. Эдгээр орнуудад бэлгийн амьдралд шийдвэр гаргах чадвар чадамжийг насны заагаар тогтоож өгсөн байдаг. Туайлбалбал, Хорват, Чех, Швед, Дани зэрэг орнууд 15 нас хүрээгүй хүүхэд бэлгийн амьдралд шийдвэр гаргах чадвар чадамжгүй гэж үздэг байна. Одоогийн хуулийн төсөлд 16 хүртэлх насны хүүхдийг бага насны хүүхэд гэж оруулсан. Тэгэхээр 14, 15 настай хүүхэд ч бага насны хүүхэд үүнд хамаарна гэсэн үг. Өмнө хуулиар 14 нас гэж байсныг 16 гэж хоёр насаар нэмэгдүүлж байгаа.