УИХ-ын дарга Г.Занданшатар зөвлөхүүдээ Хотын даргын хоёрдугаар орлогчид томилуулдаг ямар учиртай вэ

УИХ-ын дарга Г.Занданшатар зөвлөхүүдээ Хотын даргын хоёрдугаар орлогчид томилуулдаг ямар учиртай вэ

Улсын төсвийн 318 тэрбум төгрөгөөр авсан “ногоон автобус"-аас болж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар нар албан тушаалаасаа чөлөөлөгдсөн.

Улмаар Хотын даргаар Хууль зүй дотоод хэргийн сайдаар /ХЗДХ/ ажиллаж байсан Х.Нямбаатарыг томилсон. Х.Нямбаатар нь ажлаа авсан даруйдаа Д.Сумъяабазарын орлогчоор ажиллаж байсан Ж.Сандагсүрэн, З.Төмөртөмөө нарыг чөлөөлсөн юм. Ингээд тэрбээр өөрийнхөө баруун гар гэгдэх, ХЗДХ-ийн яамны ТНБД-аар ажиллаж байсан П.Сайнзоригийг нэгдүгээр орлогчоороо,  УИХ-ын даргын зөвлөх асан,  хуульч О.Номинчимэгийг хоёрдугаар орлогчоороо томилон ажилдаа ороод байна. 

Хотын өмнөх дарга Д.Сумъяабазарын хоёрдугаар орлогч З.Төмөртөөмөө нь УИХ-ын дарга Г.Занданшатарын зөвлөхөөр ажиллаж байгаад тус албан тушаалд томилогдож байсан. Гэтэл Г.Занданшатар дарга нь энэ удаад ч мөн өөрийнхөө зөвлөхийг Хотын даргын хоёрдугаар орлогчоор томилуулав. Эх сурвалжийн мэдээлж буйгаар, эл албан тушаалд УИХ-ын дарга Г.Занданшатар өөрийн хүнээ томилуулах эрхтэй байдагаж. Өөрөөр хэлбэл, энэ томилгоог хийх эрх нь түүний квотод багтдаг байна. МАН-ын бодлогын дагуу Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нь өөрийн хүнийг албан тушаалд томилуулдаг бичигдээгүй дүрэмтэй. Энэ дагуу улс төрийн хүрээнд 02 гэж дуудуулдаг Г.Занданшатар Хотын даргын хоёрдугаар орлогчид өөрийн багийн хүнийг томилуулдаг аж.