Я.Содбаатар: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай холбоотой улс төрийн шийдвэр гарсан

Я.Содбаатар: Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай холбоотой улс төрийн шийдвэр гарсан

iSee.mn сайт БНХАУ-ын Бээжин хотоос мэдээллийг хүргэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д болж буй “Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцож байна. Тэрбээр өнөөдөр /2023.10.19/ БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзлаа. Уулзалтын үеэр холбогдох албаныхан БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлийг ашиглах тухай Сангийн яам, Хятадын Экспорт-Импорт банк хооронд байгуулсан зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлэх “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц барих” төслийн тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурсан юм. 

Энэ талаар Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Я.Содбаатар дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр "Өнгөрсөн 2022 оны 12 дугаар сард Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хятад Улсад төрийн айлчлал хийх үеэр хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх төлөвлөгөөнүүдийг баталсан. Харин энэ удаагийн айлчлалаар нийт арав орчим баримт бичигт гарын үсэг зурлаа. Эдгээрээс онцолбол, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын асуудал бүрэн шийдвэрлэгдсэн. Одоо бүтээн байгууллагын ажил эхэлнэ. Улс төрийн бүх шийдэл гарсан. Хоёрдугаарт, Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн боомтын төмөр замыг барих асуудалд гарын үсэг зурсан. Нүүрс хүчлийн хий, ногоон хөгжлийг өргөжүүлж цөлжилттэй тэмцэх гэрээнд гарын үсэг зурсан. Мөн аялал жуулчлалын салбарт томоохон гэрээ хийлээ. Басхүү боомтын өргөтгөл чадавхыг сайжруулах, нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр гэрээ хийсэн. Олон салбарын асуудлууд энэ айлчлалын хүрээнд шийдэгдсэн" гэв.