БАРИМТ: Коронавирус цар тахлын үед 10 компани хэвлэл мэдээллийн байгууллагын нэрийг барьж, ЭМЯ-тай гэрээ байгуулжээ

БАРИМТ: Коронавирус цар тахлын үед 10 компани хэвлэл мэдээллийн байгууллагын нэрийг барьж, ЭМЯ-тай гэрээ байгуулжээ

УИХ дахь Ардчилсан намын бүлгээс маш ноцтой мэдэгдлийг хийж коронавирус цар тахлын халдварын үед Засгийн газрын авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар ерөнхий сонсгол зохион байгуулах санаачлагыг гаргаад буй. Тус сонсгол энэ долоо хоногт болох ёстой байсан ч УИХ-аас шинжээч томилоогүй гэх шалтгаанаар хойшлуулсан юм.

-240 БАЙГУУЛЛАГАТАЙ 2.1 ТЭРБУМЫН ГЭРЭЭ ХИЙЖЭЭ-

Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэлийн энэ талаар “Ковид 19 халдварын үед Засгийн газраас нийт 20 их наядыг зарцуулсан энэ зарцуулалт дотор хууль зөрчсөн олон ажил бий. Тэгэхээр нээлттэй ярилцах шаардлагатай.Иргэдээс ирсэн Эрүүл мэндийн яамны бодлогын асуудлын мэдээллийг дурдъя.

  • 63 тэрбум төгрөгийн эрүүл мэндийн хамгаалах хэрэгсэл авсан. Магадгүй ямар ч шаардлагагүй болсон байх үед нь 20 тэрбум төгрөгийн хамгаалах хэрэгсэл авсан. Энэ нь одоо бүтнээрээ эмнэлгүүдийн агуулахад хэвтэж байгаа.
  • Цус шингэлэх бүтээгдэхүүн 10 тэрбум төгрөгөөр авсан. Үүнээс хэдхэн ширхгийг л зарцуулсан. Иймэрхүү алдааг шинжээчээр дүгнэлт гаргуулах хэрэгтэй.
  • Хэвлэл мэдээлэлтэй холбоотой 2.1 тэрбум төгрөгийн гэрээг 240 гаруй газартай байгуулсан байна. Энэ нь хууль сурталчлах байсан уу, хаалтын гэрээ байсан уу гэдэг нь асуудалтай. Гэрээ байгуулсан компаниудаас 10-ыг сонгоод үзэхэд найм нь 2021 онд байгуулагдсан байгаа юм.
  • Цар тахлын үеэр Эрүүл мэндийн яаманд санхүү мөнгө нь багтахаа больсон. Оны төгсгөл рүү төсөв нь илүү гарч хамаагүй зүйлд зарцуулж эхэлсэн. Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэгт 50 тэрбум төгрөгийн санхүүжилт илүү гарч 25 тэрбум төгрөгөөр ажилчдын орон сууц барих зураг төсөв хийлгэсэн байна.
  • Төсөв санхүү шийддэг 4-5 албан тушаалтан тэрбумаас дээш төгрөгийн байр худалдан авсан мэдээлэл ирсэн. Энэ мэдээллүүдийн үнэн зөв эсэхэд шинжээч томилох хэрэгтэй" хэмээсэн.

-ЭДГЭЭР БАЙГУУЛЛАГУУД НЬ ЭНЭ ОНДОО БАЙГУУЛАГДААД ГЭРЭЭ ХИЙЖЭЭ-

Тэгвэл дээрх мэдээлэлтэй холбоотой зарим баримтыг бид хүргэж байна. Тухайлбал, коронавирус халдварын үед Эрүүл мэндийн яамнаас нийт 2.1 тэрбум төгрөгөөр 240 гаруй аж ахуй нэгж, хэвлэл мэдээллийн байгууллагатай гэрээ хийж хамтран ажилласан. Хэвлэл мэдээллийн байгууллагууд гэрээнд заасан үүргийн дагуу ажиллаж, мэдээ мэдээллийг түгээж ажилласан бол эдгээр дунд хэвлэлтэй огт холбоогүй 10 аж, ахуй нэгж байжээ. Тус 10 байгууллага нь хүнсний дэлгүүр, койн, жимс жимсгэнэ борлуулах зэрэг салбарт үйл ажиллагаа явуулдаг атлаа хэвлэл, мэдээллийн байгууллагын нэр барьж гэрээ хийжээ.

Тодруулбал,

  1. Этарнал повер ХХК
  2. Артифишиал интеллижинс сольюшинс ХХК
  3. Пи Ар Альфа солюшн
  4. Дата прайм консалтинг ХХК
  5. Хексиар койн ХХК
  6. Про консалтинг Аженси ХХК
  7. Содбилэгт партнерс
  8. Дэсишин пойнт консалтинг ХХК
  9. Юу Пи Эм Тек ХХК
  10. Эрчид ХХК компаниуд хэвлэл, мэдээллийн байгууллагын үйл ажиллагааны нэрийг барьж Эрүүл мэндийн яамтай гэрээ байгуулжээ.

Хамгийн ноцтой нь тус байгууллагууд нь бүгд цар тахлын үед байгуулагдаад удалгүй гэрээ хийсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх байгууллагуудыг нэр бүхий албан тушаалтны шахаагаар гэрээ хийх хэвлэл, мэдээллийн байгууллагуудын дунд багтаасан аж. Бид энэ мэдээллийн үргэлжлэлийг хүргэнэ.




Өнөөдөр морь өдөр

17 цагийн өмнө