Оросын Ерөнхий сайд М.Мишустин, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан "Москвад ирвэл хамт борщ идье" гэжээ

Оросын Ерөнхий сайд М.Мишустин, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан "Москвад ирвэл хамт борщ идье" гэжээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсад ажлын айлчлал хийж байна. Энэхүү айлчлал нь Монгол Улсын Ерөнхий сайдын тус улсад хийж буй анхны айлчлал юм.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бишкек хотноо энэ сарын 24-26-нд болох ШХАБ-ын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож, Монгол Улс, ШХАБ хоорондын харилцаа, хамтын ажиллагааны асуудлаар манай улсын баримталж буй байр суурийг танилцуулж, ШХАБ-ын гишүүн болон ажиглагч, түнш орнуудтай нягт хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүс нутагт өрнөж буй худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, зам, тээврийн олон талт үйл явцад идэвхтэй, үр бүтээлтэй оролцох эрмэлзэлтэй байгааг нотоллоо.

Бүгд Найрамдах Киргиз Улсын Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Жапаровын урилгаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тус улсад айлчилж, Сайд нарын танхимын дарга А.Жапаровтай хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч С.Жапаров, Парламентын дарга Т.Шакиев нарт бараалхаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, эдийн засгийн агуулгаар баяжуулах асуудлаар дэлгэрэнгүй санал солилцлоо.Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Киргиз Улсад ажиллах үеэр ОХУ, БНХАУ, Узбекистан Улсын Ерөнхий сайд нартай хоёр талын уулзалт хийсэн юм. 

Тодруулбал, өчигдөр /2023.10.25/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ОХУ-ын Ерөнхий сайд М.Мишустинтай уулзлаа. Уулзалтын үеэр М.Мишустин Халх голын дайнд 10 мянган орос цэрэг амь үрэгдсэнийг онцолсон байна. Харин манай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуд нь түүний өвөө тэр арван мянган цэргийн нэг байсныг дурдаж хүндэтгэлээ илэрхийлжээ. Уг уулзалтаас өмнө хоёр улсын Ерөнхий сайд утсаар ярьж,  Москвад ирвэл хамтдаа борщ идье гэжээ. Тэр урилгыг биелүүлэхэд бэлэн байгаа шүү гэдгээ манай Ерөнхий сайд уулзалтын үеэр илэрхийлсэн байна. "Уулзсаных, энэ Бишкект идсэн ч болж байна" гэж ОХУ-ын Ерөнхий сайд мөн хэлжээ.