"Монгол Улс ШХАБ-д элсэхгүй, цаашид ажиглагчийн байр сууринаас оролцоно" гэсэн санааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийлжээ

"Монгол Улс ШХАБ-д элсэхгүй, цаашид ажиглагчийн байр сууринаас оролцоно" гэсэн санааг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийлжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотноо 2023 оны аравдугаар сарын 25-26-нд болж буй ШХАБ-ын гишүүн, ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож үг хэлжээ. 

Тэрбээр, "Монгол Улс энхийг эрхэмлэсэн, нээлттэй, олон тулгуурт, бие даасан гадаад бодлогыг тууштай хэрэгжүүлж, ажиглагчийн хувиар ШХАБ-тай болон түүний гишүүн, ажиглагч орнуудтай нягт хамтран ажиллах, бүс нутагт өрнөж буй худалдаа, эдийн засгийн олон талт үйл явцад идэвхтэй, үр бүтээлтэй оролцохыг эрмэлзэж байгаа"-г илэрхийлжээ. Мөн Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын гурван талт хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар дурдаж, “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгасан төмөр замын төв коридорыг шинэчлэх, зүүн болон баруун коридор шинээр барих, мөн гурван улсыг холбосон хурдны автозам, хийн хоолой барих зэрэг том төслүүдийг ШХАБ-ын үйл ажиллагаатай уялдуулах боломжтой болохыг онцлон тэмдэглэсэн талаар Засгийн газрын олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах газраас мэдээлжээ.

Товчхондоо, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ШХАБ-д Монгол Улс цаашид элсэхгүй, ажиглагчын байр сууринаас оролцоно гэдгээ илэрхийлсэн байна. 

Сонирхуулахад, энэ удаагийн ШХАБ-ын гишүүн, ажиглагч орнуудын Засгийн газрын тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд ОХУ, БНХАУ, Казахстан, Киргиз Тажикистан, Узбекистан, Энэтхэг, Пакистан,Иран, Беларусь, Туркменистан зэрэг улсын төлөөлөгч оролцож байгаа ажээ.

Гэрэл зургийг twitter.com/110Orgio хаягаас ашиглав