Ц.Мөнх-Оргил: Хэвлэлийнхэнд мэдээлэл өгөөд байгаа хүмүүсийг л тогтоох хэрэгтэй

Ц.Мөнх-Оргил: Хэвлэлийнхэнд мэдээлэл өгөөд байгаа хүмүүсийг л тогтоох хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.27/ нэгдсэн хуралдааны үдээс өмнөх хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. 

Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:- Мөрдөн байцаах ажиллагааны нууцыг задлаад байгааг таслан зогсоох ёстой. Ийм тохиолдолд шууд сэтгүүлчийг буруутгаж болохгүй байна. Хэвлэлийнхэнд мэдээлэл өгөөд байгаа хүмүүсийг л тогтоох хэрэгтэй. Хавтаст хэргийн материалыг хэдхэн сэтгүүлч тэр чигээр нь гаргаж тавиад, улс орныг шуугиулдаг болоод удлаа шүү дээ. Тухайн мөрдөн байцаах үйл ажиллагаанд оролцсон өчнөөн хүний хөдөлмөрийг ингэж баллаж, буруутай этгээд нь ял завших боломж бүрдүүлж байна. Ер нь яг энэ асуудлаар Хууль зүйн байнгын хороонд та мэдээлэл хийх хэрэгтэй. Нөгөө талаас хуулийнхан бие биеэ шалгаж чадахгүй, энэ ажлыг гацаагаад байгаа бол прокурорын байгууллагын дэргэдэх Мөрдөн шалгах албыг сэргээн байгуулах нь зүйтэй. Үүнээс гадна сүүлийн үед хууль зөрчөөд байгаа шүүгч, прокурор, өмгөөлөгч нарын талаар байнга ярих болсон. Ийм зүйлд холбогдсон хүмүүстээ хариуцлага тооцож, нэг тийш нь шийдвэрлэхгүй бол дараагийн үедээ муу үлгэр дуурайл үлдээгээд байна. Гэхдээ хуулийнхан маань ажлаа хийж чадахгүй болтол эрх зүйн орчныг нь чангалчих вий гэдгийг бас бодолцоорой. Ямар ч тохиолдолд цагдан хорьж, баривчилж болдоггүй байдалд оруулчихгүй анхаараарай.

Б.Энхбаяр: -Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг буруу явуулж, хууль зөрчсөний улмаас 2008-2023 онд 425 иргэнийг хохироосон байна. Шүүхээс тэдний зөрчигдсөн эрхийг сэргээх шийдвэр гаргаж, нөхөн төлбөр олгуулахаар болсон. Хохирлынх нь нөхөн төлбөрийн үлдэгдэл 2.4 тэрбум төгрөг. Үүнийг ирэх онд 100 хувь барагдуулахаар ажиллана. Хууль зүй, дотоод хэргийн сайдын төсвийн багцаас ямар ч гэсэн хөрөнгө гаргаж, барагдуулна. Төр алдаа гаргаж, хууль зөрчиж, иргэдээ хэлмэгдүүлсэн учраас тэдний эрхийг сэргээх ажлыг өөрөөсөө эхлэх ёстой. Шүүхийн шийдвэр гарчихаад байхад улсын төсөвт мөнгө байхгүй гээд хойш тавиад байж болохгүй. Төр нь, хуулийн байгууллагынхан нь ийм алдаа гаргаж таарахгүй. Таны хэлсэнчлэн энэ асуудалд сэтгэл хөдлөлөөр хандахгүйн тулд Хууль зүй, дотоод хэргийн яамны Эрүүгийн хууль, тогтоомжийн хэрэгжилтэд байнгын хяналт мониторинг хийх ажлын хэсэг болон холбогдох бусад байгууллагаас тавьдаг саналуудыг төсөлд тусгасан.




Өнөөдөр морь өдөр

20 цагийн өмнө