"Нэгдмэл байдлаа хангаж, өрсөлдөгчдөө дэд даргаар томил" гэсэн чиглэлийг аймаг, дүүргийн АН-ын дарга нартаа Л.Гантөмөр өгчээ

"Нэгдмэл байдлаа хангаж, өрсөлдөгчдөө дэд даргаар томил" гэсэн чиглэлийг аймаг, дүүргийн АН-ын дарга нартаа Л.Гантөмөр өгчээ

Өнгөрч буй амралтын өдөр /2023.10.28-29/-үүдэд АН-ын удирдлагуудын зөвлөгөөн болж өндөрлөсөн байна. Тус хуралд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд болон саяхан сонгогдсон аймаг, дүүргийн намын хорооны дарга нар гээд тус намын бүх шатны удирдлагууд нь оролцжээ. Тус зөвлөгөөнөөр “АН-ын үйл ажиллагааны чиглэл, цаашид хэрхэн ажиллахаа хэлэлцэж, сонгуулийн стратегиа" ярилцсан аж.

АН-ын дарга Л.Гантөмөр тус зөвлөгөөнд хэлсэн үгэндээ, “Өмчгүй нийгэм байгуулах стратеги дээр МАН үүссэн. Харин АН бол өмчтэй иргэдийг бий болгох стратеги дээр үүссэн. Энэ л бидний ялгаа юм. Бид одоо “Өргүй Монгол” гэдэг стратеги руу явах юм. Зөвшөөрлүүдийг үгүй хийж, тендерүүдийг ил болгох болно” гэдгээ онцолжээ.

Мөн АН-ын тус зөвлөгөөний үеэр дунд шатны намын дарга нараа батламжилсан байна. Учир нь саяхан аймаг, дүүргийн АН-ын даргыг тодруулах санал хураалт явж өндөрлөсөн ажээ.

Харин тус зөвлөгөөний үеэр АН-ын дарга Л.Гантөмөр, дунд шатны намын дарга нартаа хандан “бүх шатандаа нэгд” хэмээж, бүх фракцынхаа эрх ашгийг хангаж, бүгдээрээ нэгдмэл бай гэсэн чиглэлийг өгч “Нэгдмэл байдлыг хангана” гэсэн андгай дээр гарын үсэг зуруулжээ. Энэ нь анхан, дунд шатны АН-ын даргын төлөө өрсөлдсөн нэр дэвшигчдээ “дэд даргаар томилж, хэрэв орон нутагт тус нам ялалт байгуулбал “орлогч дарга”-ын албан тушаалд томилох ажээ.