Э.Бат-Амгалан: Орон нутгийн сонгуулийн үеэр нэр дэвшигчид нэгдсэн самбарт сурталчилгаагаа байршуулж, ухуулагчийн тоог бууруулна

Э.Бат-Амгалан: Орон нутгийн сонгуулийн үеэр нэр дэвшигчид нэгдсэн самбарт сурталчилгаагаа байршуулж, ухуулагчийн тоог бууруулна

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн /2023.10.30/ ээлжит хуралд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан нар оролцсон байна. Хуралдаанаар Орон нутгийн сонгууль буюу Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан мэдээлэл хийсэн байна. 

Орон нутгийн сонгуулийн тухай хуулийг арванхоёрдугаар сарын 31-ны дотор батлах ёстой. Энэ дагуу дээрх хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ дахь бусад нам, бүлгийнхэнтэй ярилцаж тохиролцоод УИХ-д өргөн барих нь зүйтэй гэдэгт МАН-ын бүлэг санал нэгджээ. 

Харин Орон нутгийн сонгууль буюу Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан "Орон нутгийн сонгуулиар гардаг гомдол маргаан, шүүхээр шийдвэрлэгдсэн байдалд мэргэжлийн байгууллагын дүгнэлт гарсан. Үүнд бид анализ хийж үндсэн гурван зарчмаар хуульд өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзлээ.

Нэгдүгээрт, Орон нутгийн сонгууль иргэдэд нээлттэй, ил тод, оролцоотой байхад гол өөрчлөлтийг хийсэн. Улсын хэмжээнд санал авах 2148 хэсэг байдаг. Үүнийг бүрэн автоматжуулсан камераар хангана. Ингэснээр хяналт сайжрах юм.

Хоёрдугаарт, сонгуулийн зардлыг бууруулах, сурталчилгааг оновчтой байлгахад хэд, хэдэн  зүйл заалтыг нэмж оруулсан. Нэр дэвшигчид мөнгөний нөлөөлөлгүй зарчмыг тусгасан. Хамгийн эхэнд самбарын асуудал байгаа. Тэгэхээр самбарын бус бодлогын өрсөлдөөнтэй сонгууль болгоно. Сонгуульд зөвхөн мөнгөтэй хүн нэр дэвшдэг гэх асуудлыг энэхүү хуулийн төслөөр арилгах болно. Нэг хэсгийн хороонд нэр дэвшигч 10 хүртэлх самбар байршуулах эрхтэй. Хамгийн багаар бодоход 70-80 мянган самбар улсын хэмжээнд сурталчилгааны үед хэвлэгддэг. Үүнээс болж хүртээмжгүй, ойлгомжгүй мэдээллийг иргэд авдаг. Тиймээс нэгдсэн самбар дээр сурталчилгааг байршуулна. Ингэснээр улсын хэмжээнд 1523 самбар хийгдэж, зардал хэмнэнэ. Мөн ухуулагчийн тоо хэмжээ, цалин хөлсийг багасгасан, сонин сэтгүүлийн хэвлэлийн тоог  буурууллаа. Механикаар ингэж зардал хэмнэхээс гадна аудитын байгууллага эрх зүйн орчинд бууруулж өгөх боломжийг олгоно.

Гуравдугаарт, анхан шатанд улстөржилтийг багасгах, нутгийн өөрөө удирдах байгууллагын уялдаа холбоог сайжруулна. Тодруулбал, Сум, дүүргийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгч нар аймаг, нийслэлийн ИТХ-ыг бүрдүүлдэг зарчмаар хуулийн нэмэлт, өөрчлөлт орж байна.. Сум, дүүрэгт сонгогдсон хурлын төлөөлөгч тухайн орон нутгийнхаа тулгамдсан асуудлыг аймаг, нийслэлийн хэмжээнд шийдүүлэх боломжтой болно.

ҮЗЭХ