Г.Амартүвшин: “Либертари”намыг УДШ бүртгэж авбал би 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ /ВИДЕО/

Г.Амартүвшин: “Либертари”намыг УДШ бүртгэж авбал би 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ /ВИДЕО/

Энэ оны аравдугаар сарын 6-ны өдөр комедиан Д.Амартүвшин Монголын “Либертари” намыг үүсгэн байгуулж буйгаа албан ёсоор зарлаж, чөлөөт зах зээлийг чухалчилсан, улс төрийн оролцоог багасгах барууны жигүүрийн нам болно гэдгээ мэдэгдсэн.

Ийнхүү энэ сарын 16-ны өдөр “Либертари намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай” өргөдөл УДШ-д хүргүүлсэн боловч хуулиас даван журам баталж, үндэслэлгүй шалтгаанаар түүний өргөдлийг буцаажээ. Иймд бид “Либертари” намыг үүсгэн байгуулагч, комедиан Д.Амартүвшингээс түүний намын үзэл санаа болоод өргөдөл буцаасан асуудлын талаар асууж, ярилцлаа.

ВИДЕО:

- БАГА ТӨСӨВ, БАГА ТАТВАРТАЙ ЦОМХОН ТӨР ХЭРЭГТЭЙ - 

- Таныг комедиан гэдгээс гадна улс төрийн идэвхтэй ороцлогч гэдгээр нь хүмүүс мэднэ. Таны нийгмийн асуудлын талаарх тойм, бодол шүүмжийг ч хүлээж үздэг үзэгчид багагүй байдаг байх. Таны үүсгэн байгуулсан “Либертари” намын гол үзэл санаа юу вэ?

Манай нам хэтэрхий том данхайсан төрийг жижиглэх зорилготой. Төр аль болох цомхон, жижигхэн, ойлгомжтой л байх ёстой. Цомхон төр гэдэг чинь бага төсөвтэй гэсэн үг. Бага төсөв гэдэг чинь бага татвар гэсэн үг.

Цалин авч байгаа хүний төлж буй татваруудыг тоолж үзэхэд нийгмийн даатгал гэх даатгал нэртэй татварт 26 хувь, хүн амын орлогын албан татвар 10 хувь, ингээд нийтдээ 36 хувь болж байна. Мөн инфляци гэдэг зүйл бол татварын нэг хэлбэр. Иргэдийн хадгаламжинд байгаа мөнгийг үнэгүйдүүлэх замаар Засгийн газрын өөртөө авч байгаа нэг төрлийн татвар гэсэн үг. Ингээд бодоход бараг 50 хувь болно. Дээрээс нь бүх бараа бүтээгдэхүүнд НӨАТ нэмэгдээд иргэдийн цалингаас баталгаатай 60 хувь нь татварт явчихаж байгаа юм. Энэ тооцоололд тусгай зөвшөөрөл, гаалийн татвар ороогүй. Манай улс бол нийт хэрэглээнийхээ бараг 90 хувийг импортоор авч байгаа улс. Тэр бүгдийг тооцоод үзвэл бараг 70 хувийг төрд өгчихөж байна. Ингээд нийт нэг жил ажилладаг гэж үзэхэд түүний 60 хувь буюу бараг долоон сар нь төрдөө ажиллаад наадмаас хойш л өөрийнхөө төлөө ажилладаг гэсэн үг. Нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татвар буурчихвал бидний цалин л нэмэгдэнэ шүү дээ. Үүнийг л манай нам зорьж байгаа.

- Улс төрийн намын зорилгыг том зургаар нь харвал Засгийн эрхийг авах байдаг. Танай нам Засгийн эрхийг авбал хамгийн түрүүнд юу хийх вэ?

Улс төрийн нам Засгийн эрх авахын төлөө явдаг байгууллага гэсэн ойлголт тогтчихож. Түүнээс нь болоод үзэл санаагаа хойш тавиад байна. Олонх халамж хүсээд байгаа учир МАН-аас илүү л халамж амлах хэрэгтэй юм шиг ойлгож, үзэл санаа хамаарахгүйгээр юу ч хамаагүй ярьж байгаад Засгийн эрх авахын төлөө явдаг намууд олноор бий болж байна. Энэ эцэс төгсгөлгүй халамж эдийн засгийг дампууралд л хүргэнэ. Би хувьдаа намын ойлголтыг арай өөрөөр, шинээр хүмүүст таниулмаар байгаа.

Нам гэдэг бол үзэл санаанаагаараа нэгдсэн идеалист хүмүүсийн нэгдэл. Үзэл санаагаа олон хүнд түгээж чадвал Засгийн эрх авна.

Түүнээс биш ямар ч хамаагүй аргаар Засгийн эрх авна гэдэг бол буруу ойлголт. Одоо бол МАН, АН хоёр хоёулаа баруун нь ч мэдэгдэхгүй, зүүн нь ч мэдэгдэхгүй, үзэл санаа нь ч мэдэгдэхгүй, бие биенээсээ давуулж халамж амладаг. Төсвийг харвал бараг 50-аад хувь нь дангаараа халамж руу явж байна. Ер нь ямар иргэд байна яг тийм төр засаг сонгогддог гэдгийг энд онцлон хэлье. Учраа ойлгоогүй иргэдтэй газар учраа олохгүй төр засаг л бий болдог. Тиймээс иргэдэд ойлгуулах нь чухал байна.

- "801-ЭЭС ИЛҮҮ Ч ҮГҮЙ, ДУТУУ Ч ҮГҮЙ БАЙХ ЁСТОЙ ГЭХ ХУУЛЬД НИЙЦЭХГҮЙ ШААРДЛАГА ТАВЬСАН" -

- УДШ-ээс танай намыг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай өргөдлийг буцаасан байна. Энд яг ямар асуудал үүсэв?

Нам байгуулахад шууд бүртгэдэггүй л дээ. Хоёроос гурав буцаах болов уу гэж бодож байгаа. Гэхдээ буцаасан үндэслэл нь утгагүй байсан. 801-ээс их болон багагүй гишүүдтэй байх гэсэн байна лээ. Хуулиндаа уг нь 801-ээс доошгүй гэдэг интерваль заачихсан байхад дээд шүүх өөрөө хуулиасаа давсан журам гаргаж ирээд 801-ээс их болон багагүй яг 801 хүний л гарын үсэг хэрэгтэй гэсэн. Тухайлбал, 801 хүний нэг л хүнд хаягийн зөрчил илэрвэл бүртгэхгүй гэсэн үг. Нэгдүгээрт хуулиасаа давсан. Хоёрдугаарт хүмүүсийн эвлэлдэн нэгдэх эрхэд халдсан журам гаргасан. Би уг нь дээд шүүхдээ итгэдэг, хүндэлдэг. Шүүх байгаа учраас л бидний тогтолцоо хамгаалагдаж байдаг. Мөн хууль тайлбарладаг, зөв бурууг шийдвэрлэдэг дээд байгууллага. Гэтэл энэ газар өөрөө Үндсэн хуулиа зөрчиж, хуулиас давсан журам гаргасан байгаа нь харамсалтай. Яг энэ шаардалагаар явбал хэзээ ч шинэ нам бүртгүүлэхгүй л юм шиг байна лээ.

- Улс төрд одоогоор МАН, АН гэсэн хоёр томоохон нам байна. Энэ хоёр намын талаарх таны байр суурь ямар байдаг вэ? Танай намыг бас хэрхэн харж байгаа бол?

Манай улс төрийн намуудад ямар ч үзэл санааны ялгарал байхгүй болчихож. Уг нь Ардчилсан нам эрх барихдаа татвараа буулгаад, Ардын нам гарахдаа нийгмийн халамжаа нэмж байвал ядаж л эдийн засаг баланстай байна шүү дээ.

Гэтэл манай улсад зогсолтгүй төрийн эрх мэдэл, татвар нэмэгдээд амсхийх ямар ч боломж өгөхгүй байна. Мөн өөрсдөө хуульд нийцэхгүй журам баталж шинээр нам үүсгэн байгуулагдах боломжийг үгүй хийлээ. Ингэхээр энэ хоёр намтай өрсөлдөх нам гарч ирэх боломжгүй болж байгаа юм л даа. Гадаадад бол нам байгуулахад бараг шалгуур байдаггүй. Миний мэдэхээр пивочдын нам, далайн дээрэмчдийн нам гэж байсан. Америкт ч бас том хоёр л нам байна гээд байдаг. Үнэндээ 300 гаруй нам бий. Гэтэл манай улсад хоёр нам л засаглахын тулд өрсөлдөхүйц сөрөг хүчин гарч ирэх боломжийг боомилж байна.

- МАНАЙ НАМЫГ БҮРТГЭЧИХВЭЛ 2024 ОНЫ СОНГУУЛЬД НЭР ДЭВШИНЭ -

- 2024 оны сонгуульд нэр дэвших үү?

Манай намыг УДШ-ээс бүртгээд авчихвал 2024 оны сонгуульд нэр дэвшинэ. Гол нь бид өөрсдөө жишиг тогтоохыг хүсэж байгаа. Хүмүүс дургүй ч гэсэн үнэнийг нь хэлэх хэрэгтэй. Халамж хүсдэг хүмүүс саналаа өгөх эсэх нь хамаагүй. Гэхдээ ингэж амьдарч болохгүй гэдгийг нь хэн нэгэн хэлмээр байгаа юм. Сонгууль болохоор л чамайг халамжилж өгье, хашааг чинь цэвэрлэе, байшингийн чинь дээврийг будаж өгье гээд л бараг хүүхдийг чинь сургуульд сургая, бүх юмыг чинь үнэгүй хийж өгье гэх нь холгүй байхаар энэ улс орон яаж хөгжих билээ. Хүн хөдөлмөрлөж, ажиллаж байж л улс орон хөгждөг болохоос хоолны талон аваад суугаад байвал хөгжихгүй. Иймд манай намыг бүртгэчихвэл бид үзэл санаагаа танилцуулаад, сонгуульд өрсөлдөнө. Хэрвээ бүртгэхгүй бол улс төрийн нам гэхээсээ илүүтэй өөрсдийнхөө үзэл санааг улам дэлгэрүүлээд явна даа.

- Нам байгуулахад мэдээж зардал мөнгө гарсан л байх. Цаашид үйл ажиллагаагаа явуулахад ч зардал мөнгө гарч таарна. Шаардлагатай зардлаа яаж бүрдүүлж байна?

Одоохондоо том зардлууд гараагүй байна. Манай намд том оффистой, хувьдаа принтертэй хүмүүс олон бий. Тэндээ шаардлагатай зүйлсээ хэвлэж байгаа. Би өөрөө нэг баар түрээслэдэг. Үйл ажиллагаагаа тэнд явуулж байна. Сая их хурлаа хийгээд, бүртгэлээ явуулчихлаа. Бид заавал бусдын жишгээр явахгүй. Би хувьдаа сонгуульд нэг ч төгрөг зарцуулахгүй гэж бодож байгаа. Бусад намууд хандив гээд хаана юунд зарцуулах нь мэдэгдэхгүй маш их мөнгөтэй байдаг юм билээ. Харин манай нам тэгэхгүй. Хандив авахаар бол тодорхой төслүүд дээр л авна.

- Зарим шинэ намууд МАН-ын захиалгаар АН-ын саналыг хуваах зорилгоор үүсгэн байгуулагддаг. Танай намын захиалгагүй гэдгийн баталгаа юу вэ?

Ардчилсан нам надтай надгүй өөрсдөө өөрсдийнхө саналыг хуваачихдаг нам. Хэрвээ 2020 оны сонгуулийг харвал АН-ын ҮБХ-д байсан гишүүд тусдаа сонгуульд оролцохыг бүгд харсан шүү дээ. Тэгэхээр надаас илүү эрх мэдэлтэй, том хүмүүс нь өөрсдөө намынхаа саналыг хуваачихдаг. Түүн дээр нэг их санаа зовохгүй байгаа.

Би зүгээр л төрийн дарамтгүйгээр, хэнээс ч гуйхгүйгээр өөрөө өөрийгөө аваад явдаг баймаар байна. Ажилд маань хэн ч саад болдоггүй нийгэмд амьдармаар байна.

Хүмүүсийг сонгуулиар битгий саналаа худалд гэж хэлмээр байгаа. Одоо хангалттай шүү дээ. Иргэд саналаа ихдээ 100 мянгаар худалддаг. Гэтэл танд өгсөн тэр 100 мянгаа 20, 30, 100 дахин нугалаад үнийн өсөлтөөр авчихсан. Тиймээс иргэд битгий ийм тэнэг бай. Ямар ард түмэн байна яг тийм төр засаг сонгогддог юм шүү. УИХ-ын 76 гишүүн тэнэг, бид ухаантайдаа ингэж амьдраад байгаа зүйл огт байхгүй. Өөрсдөө худалдагддаг, ёс зүйгүй, өөрсдөө авлигал өгдөг учраас ийм нийгмийг бий болгосон. Үүнийгээ ойлгож чадвал л нийгэм өөрчлөгдөнө. Энэ хэвээрээ байвал цаашид ч намаг дотроо сууж л байна.

- Ярилцсан танд баярлалаа.