"Ногоон автобусны хэргээ нуухын тулд 2009 оны тендерт миний бие болон АН-ыг холбох гэсэн увайгүй үйлдлээ Х.Нямбаатар зогсоох хэрэгтэй" гэж С.Баярцогт мэдэгдлээ

"Ногоон автобусны хэргээ нуухын тулд 2009 оны тендерт миний бие болон АН-ыг холбох гэсэн увайгүй үйлдлээ Х.Нямбаатар зогсоох хэрэгтэй" гэж С.Баярцогт мэдэгдлээ

Ардчилсан намын тэргүүн дэд дарга С.Баярцогт "ногоон автобус"-тай холбоотой асуудлаар мэдээлэл хийж байна.

Тэрбээр "Хотын дарга Х.Нямбаатар мэдээлэл хийхдээ "2009 онд Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт шууд гэрээгээр худалдан авалт хийх зөвшөөрлийг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулгад олгож улсыг 35 тэрбумаар хохироосон" гэж мэдэгдсэн. Маш олон баримт бичгүүд дундаас ганцхан бичгийг сугалаад сошиалаар тарааж байна. Дутуу мэдээллийг гаргаж олон түмнийг төөрөгдүүлж буй нь эрх баригч нарын увайгүй үйлдэл. Тиймээс тайлбарлах зайлшгүй шаардлага байна.

 2008 оны арваннэгдүгээр сарын 08-ны өдөр Засгийн газар хуралдаж "Нийслэлийн нийтийн тээврийн талаар авах зарим арга хэмжээний тухай" тогтоолыг гаргасан.

Нээлттэй байгаа энэ тогтоолд "Нийтийн тээврийн парк шинэчлэх, автотээврийн хэрэгсэл ачиж зөөвөрлөх, автомашин худалдан авахад шаардагдах 38.4 тэрбум төгрөгийг 2009 оны төсөвт суулган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, Сангийн сайд С.Баярцогт нарТ даалгасугай" гэсэн. Энэ тогтоолоор нийтийн тээвэрт парк шинэчлэлт хийх ажлыг шийдвэрлэж, том оврын 400 ширхэг автобусыг богино хугацаанд нийлүүлэх тендерийг Х.Баттулга сайдад даалгасан.

Тухайн үед Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ авахдаа яам, яамандаа тендерийн хороо байгуулж үйл ажиллагааг зохион байгуулдаг байсан. Төрийн болон нутгийн тухай хуулиар нэг тэрбумаас дээш төгрөгөөр бараа худалдаж авах юм уу гурван тэрбумаас дээш ажил, үйлчилгээ авбал заавал Сангийн яамаар хянуулж, зөвшөөрөл авдаг тогтолцоотой байсан. Тэгээд Засгийн газрын шийдвэр гарснаас хоёр хоногийн дараа Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны үүрэг гүйцэтгэгч Ж.Бат-Эрдэнэ тухайн үед Сангийн яаманд хүсэлт тавьж, "400 ширхэг автобусыг худалдаж авахад нийлүүлэгчийг сонгон шалгаруулах олон улсын хязгаарлагдмал тендерийн баримт бичгийг боловсруулж хүргүүлж байна. Хянаж үзээд зөвшөөрөл олгоно уу" гэсэн бичгийг өгсөн.

Энэ дагуу манай яамнаас хянаж үзээд "Төрийн болон орон нутгийн өмч хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдаж авах хуулийн 50.1.3 дэх заалтын дагуу тендер явуулахыг зөвшөөрч байна" гэсэн агуулга бүхий бичгийг хариу хүргүүлсэн.

Үүний дараа арванхоёрдугаар сарын 05-ны өдөр Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамнаас дахин бичиг ирүүлж "Бид нар арваннэгдүгээр сарын 10-ны өдөр олон улсын хязгаарлагдмал тендерийг зарласан. Энэ зарласан бичгийг Япон, Солонгосын компанид хүргүүлсэн. Тухайн үед Улаанбаатар хотод нийтийн тээвэрт ашиглаж байсан автобуснууд нь дээрх дөрвөн компанид үйлдвэрлэгдсэн байсан учир хаалттай хязгаарлагдмал тендерийг явуулсан. Тендерийг явуулахад ганцхан Daewoo bus  Globus гэх компаниас санал ирүүлсэн. Тэгээд Daewoo bus  Globus компанийн ирүүлсэн санал нь бидний тавьсан үнийн саналд нийцсэн, төсөвлөгдсөн хөрөнгөд багтахаар байна. Тиймээс хуулийн дагуу шууд гэрээ байгуулан ажиллах зөвшөөрлийг олгооч" гэсэн. Хуулийн дагуу шууд худалдан авах зөвшөөрлийг олгосон" гэв. Тэрбээр үргэлжлүүлэн эрх баригчид нууцад авч байгаад шууд гэрээ хийсэн тендерүүдээ халхлахын тулд хууль номоор нь явсан анхны тендер дээр миний биеийг оролцуулж буй нь увайгүй байна гэсэн юм. 

ВИДЕО: