ТОЙМ: Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нар Д.Амарбаясгалантай зөрчилдөөгүй бол “Ногоон автобус" хуучин гэдгийг иргэд мэдэхгүй өнгөрч, Иргэдийн зорчих эрх 27,500 төгрөгийн үнэтэй болохгүй байв

ТОЙМ: Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нар Д.Амарбаясгалантай зөрчилдөөгүй бол “Ногоон автобус" хуучин гэдгийг иргэд мэдэхгүй өнгөрч, Иргэдийн зорчих эрх 27,500 төгрөгийн үнэтэй болохгүй байв

Энэ долоо хоногт “Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэж, орон сууцжуулна” гэсэн гоё нэртэй ч арга нь буруу “Би үхэхээр чи үх” гэсэн хуулийг УИХ-аар хэлэлцэж эхэллээ. Харин нөгөө нь “ногоон автобус”-ны дуулианыг дарж, Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар хоёрыг далдлах гэж “гөлөг төөрүүлэв” гэгчээр өнөө л АН-ыг 2009 оны тендерээр буруутгав. Энэ бүхний “гол дүр” нь Хууль зүйн сайдаас Хотын дарга болж дэвшсэн нөгөө л Х.Нямбаатар байлаа. 

Хамгийн ноцтой нь “Д.Амарбаясгалан, С.Амарсайхан, Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нарын хэн нь нийслэлийн МАН дотор том байх вэ” гэсэн эрх ашгийн тэмцэл нь эцэстээ иргэдийн эрхийг зөрчих хууль болон өөрчлөгдөж байгаа юм. 

-Ж.СҮХБААТАР 318 ТЭРБУМЫН ЗАХИРАН ЗАРЦУУЛАГЧ НЬ, Д.СУМЪЯАБАЗАР АЖЛЫН ХЭСГИЙН ЗОХИОН БАЙГУУЛАГЧ НЬ, Х.НЯМБААТАР ТЭДНИЙ АРЫГ ДААГЧ-

2022 онд татвар төлөгчдийн 77 тэрбум төгрөгөөр хятад “Улаан автобус”-ыг Д.Сумъяабазар худалдан авсан бол, 2023 онд татвар төлөгчдийн 318 тэрбум төгрөгөөр хуучин “Ногоон автобус”-ыг Ж.Сүхбаатар худалдан авсан юм. Тодруулбал, 2023 оны Улсын төсөвт Түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатарт 339 тэрбум 743 сая төгрөгийг УИХ баталж өгсөн. Ж.Сүхбаатар 339 тэрбум төгрөгийн захиран зарцуулагч нь. Иймд тэрбээр энэ мөнгөний 318 тэрбумаар нь “Ногоон автобус” авч, 21 тэрбумаар нь Нийтийн тээврийн автопарк шинэчлэлд зарцуулсан. Харин 318 тэрбумаар автобус худалдан авах ажлын хэсгийг Д.Сумъяабазарын 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/1520 дугаартай захирамжаар байгуулсан.

Эцэст нь “Ногоон автобус” нь хуучин байсан тул Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар гэх “Хоёр С” албан тушаалаасаа огцорсон. Харин өнөөдөр “Хоёр С”-ын арыг Х.Нямбаатар дааж явна. Үнэндээ "Ногоон автобус"-ны асуудлаас “Хоёр С” хаашаа ч зугтах боломжгүй.

2023 оны Улсын төсөвт "Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад 339.7 тэрбум төгрөгийг тусгажээ"

Иймд Х.Нямбаатар зарим хүмүүсийн яриад байгаачлан “гөлөг төөрүүлнэ” гэгчээр, 2009 онд 34 тэрбум төгрөгөөр худалдан авсан 400 автобусны асуудлыг сөхөж Х.Баттулга, С.Баярцогт нарыг буруутгасан. Гэтэл 34 тэрбум төгрөгөөр 400 автобус авахыг тухайн үеийн Ерөнхий сайд С.Баяр 2008 онд үүрэг болгож, шинэ автобусны улаан туузыг 2009 онд тухайн үеийн МАН-ын хотын дарга нар хайчилсан болж таарав. 

Үнэндээ 34 тэрбум төгрөг бол “Хоёр С”-ын бужигнуулсан 318 тэрбумын ердөө 10 хувьтай л тэнцэнэ. Гэтэл Хотын дарга Х.Нямбаатар 318 тэрбумаар автобус авахад төсвийг захиран зарцуулсан Ж.Сүхбаатар, ажлын хэсгийг зохион байгуулсан Д.Сумъяабазар нарын талаар нэг ч үг унагаагүй. Учир нь Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нар бол Сонгинохайрхан дүүргийн МАН-ын хорооны “амь нэгтнүүд” бөгөөд цаашид нийслэлийн МАН-ын хороог эзэгнэх зорилготой улс төр, бизнесийн бүлэглэлүүд. Харин Ж.Сүхбаатарын хувьд бол ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн фракц биш. “Хоёр С” албан тушаалаасаа буухдаа “Д.Амарбаясгалан Тэнүүн огоо компанийн удирдлагыг танилцуулсан” гэж хэлсэн гэдгийг энд сануулчихъя.

-МОНГОЛ УЛС Х.НЯМБААТАР ГЭДЭГ НЭГ ДАРГА, ГАНЦ ДАРАНГУЙЛАГЧТАЙ БОЛЖ БАЙНА-

МАН-ын үе, үеийн дарга нарын бодлогын алдаа, авлигын төлөөсийг иргэд өнөөдөр автозамын түгжрэлд төлж байгаа гэхэд болно. Харин Х.Нямбаатараас өмнө МАН-ын хотын удирдлагууд боловсруулсан ч, иргэдээс айгаад өргөн барьж чадахгүй байсан “Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэж, орон сууцжуулах” тухай хуулийн төслийг тэрбээр УИХ-д өргөн барьж энэ долоо хоногт хэлэлцүүлж эхэллээ. 2019 оноос хойш МАН-ынхны бодож, боловсруулсан тус хуулийн төсөлд “автомашин худалдан авбал татварыг нь нэмж, хотын төвөөр зорчих гэвэл мөнгө хурааж, газраа чөлөөлж өгөхгүй бол хүчээр авах” зэрэг зохицуулалтыг хийж өгсөн юм. Товчхондоо, 30 жил хотыг удирдахдаа Улаанбаатарт замбараагүй газар олгож, авлига авсныхаа төлбөрт иргэдийг түлхээд, “Би үхэхээр чи үх” гэж байна.

Гэтэл иргэдийг төлөөлж төрийн эрхийг барьж буй УИХ-ын зарим гишүүд, “иргэдийн хөдлөх хөрөнгө эзэмших, чөлөөтэй зорчих эрхийг хязгаарлана” гэсэн хуулийн төслийг дэмжиж, Х.Нямбаатарыг “зоригтой байна, чамд хөшөө босгоно” зэргээр магтан, долоож байна. 

Энэ бол сүүлийн 8 жилийн хугацаанд УИХ-д нэг нам /МАН/-ыг дангаар нь сонгож, хэт олонх болгосны “гай” нь. Харин Х.Нямбаатар өөрийг нь, хуулийн төслийг нь шүүмжилсэн парламентын зарим гишүүдийг үгийн муугаар хэлж, чичилж байна. Энэ бол Х.Нямбаатар гэдэг нэг даргатай, ганц дарангуйлагчтай Монгол Улс болж байгаагийн тод илрэл.

Тэрбээр Улаанбаатарын төлбөртэй бүсээр зорчихдоо 27,500 төгрөг төл, төлж чадахгүй бол өвлийн хүйтэнд скүүтэр унаж, эсвэл явган яв хэмээн иргэдийн зорчих хөсөг, өмсөх гутлынх нь хэмжээг хүртэл бараг зааж өгч байна. Улаанбаатар хот бол дэлхий дээрх хамгийн хүйтэн хот тул өвөл скүүтэр унах ямар ч боломжгүй гэдгийг тэр мэддэггүй, мэддэг ч хэлэхийг хүсэхгүй байна. Харин манай иргэд “даргад ноолуулаад зүгээр суух” ард түмэн биш. Иймд иргэд Үндсэн хуулийн 3.1-д заасан “Монголын ард түмэн төрийн үйл хэрэгт шууд оролцож” Х.Нямбаатараар эрхээ зөрчүүлэхгүй байх ганц боломж үлдэж байна.

-Д.АМАРБАЯСГАЛАН, С.АМАРСАЙХАН НАР НЭГ ТАЛ БОЛЖ Х.НЯМБААТАР, Д.СУМЪЯАБАЗАР НАРТАЙ ТЭМЦЭЛДЭЭГҮЙ БОЛ “НОГООН АВТОБУС” ХУУЧИН ГЭДГИЙГ МОНГОЛЧУУД МЭДЭХГҮЙ ӨНГӨРӨХ БАЙВ-

Тэгвэл ногоон автобус хуучин гэх дуулиан дэгдэж, иргэд “хөдлөх хөрөнгө эзэмших эрхээ хязгаарлуулж, зорчих эрхээ төлбөртэй болгох” талаар хөндүүлж байгаа нь нийслэлийн МАН-ын хорооны дотоод тэмцэл, зөрчлийн үр нөлөө юм. Тодруулбал, Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нар албан тушаалаасаа буухдаа “Ногоон автобусыг нийлүүлсэн Тэнүүн огоо компанийн удирдлагыг Д.Амарбаясгалан танилцуулсан” гэж хэлээд буусан. Үнэндээ Д.Амарбаясгалан, С.Амарсайхан нар нэг тал болж Х.Нямбаатар, Д.Сумъяабазар нартай зөрчилдөж, тэмцэлдээгүй бол “Ногоон автобус” хуучин гэдгийг Монголын ард түмэн мэдэхгүй өнгөрөх байсан юм. 

Тодруулбал, “Адмирал” гэх нүүрсний компанитай ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгаланг холбох, хотын А газрыг С.Амарсайхан зарсан, ах дүүгээрээ хувааж авсан гэх хэвлэлийн сэдэв, мэдээллүүдийн ард Д.Сумъяабазар, Х.Нямбаатар нар байгаа гэж ярьдаг. Эцэстээ энэ нь даамжирч, “Сүхбаатарын талбайн урд С.Амарсайханы хотын дарга байхдаа байгуулсан усан оргилуурыг ч Д.Сумъяабазар ажиллуулдаггүй байсан” гэдэг. Эргэн сануулахад, өнгөрөгч дөрөвдүгээр сар /2023.04/-д С.Амарсайхан, Д.Сумъяабазар хоёр Засгийн газрын хуралдааны үеэр муудалцаж эцэст нь Хотын дарга Д.Сумъяабазар Шадар сайд С.Амарсайханаас уучлалт гуйж байв. Гэсэн ч тэдний зөрчил ингээд зогсоогүй ажээ.

Учир саяхан Д.Амарбаясгалан, С.Амарсайхан нарын талынхан “ногоон автобус хуучин шүү” гэх баримтыг ХҮН-ын төлөөлөгчдөд атгуулжээ. Ингээд ХҮН-ынхан “Ногоон автобус”-ны асуудлаар шүгэл үлээсэн болон жүжиглэж, тэдний мэхэнд орж Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нар ч албан тушаалаасаа огцорч, Х.Нямбаатар Хотын дарга болжээ. 

Харин өчигдөр /2023.110.03/ болсон УИХ-ын чуулганаар “Улаанбаатар хотын түгжрэлийг шийдэж, орон сууцжуулна” тухай хуулийг хэлэлцэх үеэр Хотын дарга Х.Нямбаатар ХҮН-ын гишүүн Х.Доржхандад хандаж, "хууль санаачлагчийн илтгэлийг таны дотнын найз, ЗГХЭГ-ын дарга /Д.Амарбаясгалан/ танилцуулсан гэдгийг хэлье. Танаар чиглүүлж заалгахгүй. Хэний зараалаар ямар улс төрийн акц хийж явсныг чинь мэднэ" гэж мэдэгдсэн.

Энэ бол тэдний хэрүүл, улс төрийн схемийн нэг илрэл. Эцэст нь хэлэхэд, МАН-ын удирдлагуудад Улаанбаатар хотыг хөгжүүлэх алс хэтийн ямар ч бодлого, төлөвлөгөө байхгүй. Харин тэд хөнжилдөө хөлөө жийлцэж, эрх мэдлээ үүрд хадгалахын тулд үлгэр зохиож, сенсац тараах нь л чухал. Тэд ард түмний мэдээлэл, мэдлэгийн түвшнийг энэ хэмжээнд л үнэлж байгаа.