О.Цогтгэрэл: "Эрдэнэс Тавантолгой" ХК-д БЭТ томилон, бүх худалдан авалтыг хаалттай болгож нүүрсний хулгайгаа үргэлжлүүлэх гэж байна /LIVE/

О.Цогтгэрэл: "Эрдэнэс Тавантолгой" ХК-д БЭТ томилон, бүх худалдан авалтыг хаалттай болгож нүүрсний хулгайгаа үргэлжлүүлэх гэж байна /LIVE/

Ардчилсан нам өнгөрсөн долоон хоногт өргөн барьсан түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг барилгажуулах хуулийн төслийг тойрсон асуудлууд, “Эрдэнэс Тавантолгой" ХК-д бүрэн эрхт төлөөлөгч томилоод байгаа асуудал, төсвийг дагалдах хуулийн хүрээнд уул уурхайн биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг агуулгын хүрээнд хэлэлцэж, мэдээлэл хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, “Өнгөрсөн хугацаанд хийсэн “ногоон автобус”-ны хэргээс худалдан авалтыг ил тод бус, хаалттай хийснээр ямар их авлига, хээл хахууль, шударга бус зүйлс болдог вэ гэдгийг бүгд харлаа. Мөн “Эрдэнэс Тавантолгой” ХК дээр хуулийг үндэслээд бүрэн эрхт төлөөлөгч томилох гэж байна. Гэвч энэ нь дахиад л шууд худалдан авалт буюу ил тод, нээлттэй бус өрсөлдөөнгүй зах зээлийг бий болгоно.

Түүнчлэн нэлээд ноцтой нэг хуулийн төсөл өргөн баригдсан нь төсвийг дагалдаж орж ирж буй биржийн тухай хууль.

Биржийн тухай хууль дээр төрийн болон төрийн өмчийн бус оролцоотой бүхий л уул уурхайн копаниуд бараа бүтээгдэхүүн зарахдаа зөвхөн биржээр ил тод, нээлттэй өрсөлдөөнөөр арилжаална гэсэн байгаа. Гэтэл одоо орж ирж буй энэ хуулиар стратегийн ач холбогдолтой төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд биржийн бус арилжаагаар зарж болно гэжээ. Энэ бас л авлигал ихсэх үндсэн нөхцөл үүсч, далд худалдан авлтуудыг дэвэргэж байна. Үүний цаана ямар их ашиг сонирхол нуугдаж байгаа бол. "Эрдэнэс Тавантолгой" ХК-д БЭТ томилсноор шууд худалдан авалт хийх эрхтэй болж байгаа юм. Нэг талд нь биржийн хуулийг өөрчлөөд биржээр арилжихгүй болохоор нөгөө талд шууд худалдан авалтын гэрээг урт хугацаагаар хийгээд ард түмний уурлаж бухимдаад байгаа нүүрсний хулгайг одоо бүр хуульчилж өгөх гэж байна. Магадгүй үүний цаана улс төрийн сонгуульд бэлтгэж байгаа байх. Энэ мэтийн дагалдаж орж ирж байгаа хуулиудад ноцтой асуудлууд яригдаж байна. Иймд АН-ын бүлгийн зүгээс цаашдаа ч УИХ-ын чуулган дээр байр сууриа илэрхийлнэ” гэлээ.

ҮЗЭХ: